Хориг “хордуулж” мэднэ
2017 оны 11 сарын 6

XHAnfXNYAYNbQVVLCymLKbattulgaМонгол улсын Ерөнхийлөгч өөртөө оногдсон эрхээ эдэлж, УИХ, Засгийн газрын зарим шийдвэрт дарааллан хориг тавьсан нь төдийлөн иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна. Хэнд нь хориг тавиад хэнд нь тавьдаггүй юм бэ гэх алагчилсан шийдвэр гаргалаа, өөрийн үзэмжээр эрхээ эдэлж байна, хууль бус гээд л олон маргаан дагуулсан эхний хориг улс төрийн бараг л хямралд оруулах шахсан. Ерөнхийлөгчийн шидсэн чулууны араас нэг хэсэгтээ л үймсэн МАН-ынхан буруугаа цөөнх рүүгээ нэг  чихэж үзсэн ч УИХ-ын чуулганы танхимд өрнөсөн эрхэм сайдуудын хэрүүл учир явдлыг тайлаад өгсөн билээ.

Угаас цуурсан аяга хэдий наавч сэв нь хэвээрээ байдаг шиг  УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал тийм амархан арилахгүй гэдгийг тодоом тод харуулсан. Ямар сайндаа л хажуунаас шидсэн “чулуунд” 32, 33 бүлгээрээ хуваагдаж байгаад л “алалцаж” байхав. Гэвч  хоригийн асуудлаа арай хийж шийдсэн МАН-ынханд Ерөнхийлөгч дахин “бэлэг” барив. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа.

Өөрөөр хэлбэл ирэх өдрүүдийн улс төрийн гол сэдэв нь хориг болж, дээр нь УИХ ажлаа хийж чадах уу эсвэл тарах уу гэдгийг нь давхар шалгахаар болж байна. Хуулийн дагуу тухайн оны арваннэгдүгээр сарын 15 гэхэд УИХ ирэх оныхоо төсвийг батлах ёстой. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тарах хуулийн зохицуулалттай. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд УИХ төсвөө баталж чадалгүйгээр тарж байсан удаагүй. Харин энэ удаад төсвийг батлах нөхцөл байдал тун эгзэгтэй болов. МАН-ын бүлгийн нөхцөл байдал амаргүй, хуваагдмал байдлаа нэн даруй засахгүй бол энэ удаагийн парламент төсвөө баталж чадаагүй анхны УИХ болж мэдэх нь байна.

Цаашлаад хоригийн асуудлыг эртхэн шийдвэрлэхгүй бол хор дагуулах дүр зураг харагдаад эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Сангийн сайдын томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлэх үеэрээ дээрх 55.4 тэрбумд хэсэгчлэн хориг тавихыг урьдчилсан мэдэгдсэн. Гэтэл тав хоногийн дотор байр суурь өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн хориг 2017 оны төсвийг бүхэлд нь хамарснаас болж эцэг эхчүүдийг олон сар хүлээлгэсэн хүүхдийн мөнгө олгогдож чадахгүйд хүрч байна.

Монголд хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг олон өрх бий.  Ажилгүй, орлогогүй эцэг, эхийг буруутгаж болох ч албан байгууллагын үйлчлэгч хийхэд хүртэл нас заадаг, боловсролоор гадуурхдаг байдал нийгэмд газар авсан тул ийн хүүхдийн мөнгөөр амьдрагчдын амьдралыг хүндрүүлж мэдэхээр байдал үүсчихлээ. Дээр нь төрийн албан хаагчид цалингаа, ахмадууд тэтгэврээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа авч чадахгүйд хүрэх нь. Түүнчлэн он дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж байхад Сангийн яамны хувьд гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдэх шаардлага тулаад буй. Энэ мэт хоолой тулсан ажлууд ар араасаа ундарч, монголчууд Ерөнхийлөгчийнхөө тавьсан хоригт “хордож” мэдэх байдал үүсчихээд байна.

Б.Өрнөх

Хариулт үлдээх

Your email address will not be published.