Зураг ч үгүй сураг ч үгүй болох вий дээ
2017 оны 11 сарын 14

“Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлж үлдэх Ерөнхий сайд байхыг би хүсэхгүй байна” хэмээн нэлээд ажил хэрэгч, лоозон маягийн зүйл хэлж байсан У.Хүрэлсүх зургаа өлгүүлж үлдээвэл их юм болж байх шиг. Уг нь зөвхөн зургаа өлгүүлээд зогсохгүй түүхэнд үлдэх томоохон сайн үйлс бүтээсэн Ерөнхий сайд байхаа илэрхийлсэн хэрэг шүү дээ. Гэтэл намаа хоёр хуваан гарч ирсэн У.Хүрэлсүх маань хэлсэн үгнээсээ буцаж, хийж буй үйлдэл нь ч газар авахгүй нь харагдана. Хамгийн наад зах нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр ямар ч Ерөнхий сайдын зангараггүй явган хэрүүл хийж, бусдад тушаах замаар ажиллаж байгаад олон хүн харамсаж буй.

 Аливаа зүйл дээр “Би цэргийн хүн, шулуухан хэлнэ, тушаах ч дуртай” хэмээн цээжээ дэлдэх У.Хүрэлсүх маань ардын армид ердөө нэгхэн жил ажилласан хулхи хурандаа шүү дээ. Намтрыг нь сөхөөд хараарай та нар. Гэтэл насаараа армид ажиллаад бэлтгэл хурандаа тэтгэвэртээ гарсан нөхөд хаа сайгүй байдаг ч “Би цэргийн хүн” гээд дүрдээ ороод байдаггүйг сайн мэдэх юм. Ядахад армид 10 жил ажиллаж хурандаа цол зүүчихээд ийн дүрэмдэж байгаа бол ч өөр хэрэг шүү. Түүний хувьд үүгээрээ имиж хийж улстөрд амжилт олохыг хүсэмжилсээр ирсэн нэгэн. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн болчихоод ард түмнээс сонгогдсон төлөөллөө чуулганы индэр дээрээс элдвээр хараагаад байгаа нь лав “хурандаа”-гийн араншин биш байх аа. Армид алба хаасан ахлах ахлагч ч ийн аашлахгүй.

Хамгийн сүүлийн жишээ татахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг үг хэлснийх нь төлөө “Чи муу бацаан чимээгүй бай. Байрандаа бай” гэх мэтээр зүхээд авсан нь залуу гишүүний галыг асааж орхисон. Монгол Улсын Ерөнхий сайд хүн УИХ-ын чуулганы индэр дээрээс, нийт ард түмэнд телевизээр шууд дамжиж байгаа хуралдаан дээр нэг гишүүнээ ийн харааж зүхэж байсан нь өнөөх л ёс зүй, боловсролын хэмжээ цухалзаж байгаа хэрэг болов уу гэсэн бодол төрүүлснийг нуух юун. Ж.Мөнхбатын хувьд сайн ч, муу ч тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн. Тэр тусмаа ард иргэдийнхээ саналаар төр түшилцэхээр сууж байгаа хүн. Энэ утгаар нь харвал У.Хүрэлсүх ард түмнээ басамжлан харааж байгаагаас өөрцгүй юм. Ж.Мөнхбатын хувьд өөр шиг нь намын жагсаалтаар гишүүн болоогүй, ард түмний өгсөн саналын дагуу УИХ-д орж ирсэн УИХ-ын тангараг өргөсөн гишүүн хүн. Ер нь хэн ч бай Ерөнхий сайдын сэнтий дээрээс ийн аашлах нь ёс зүйд нийцэхгүй, ард түмнээ доромжилсон хэрэг болно.

Телевизээр харсан хүн бол хэрүүл юунаас эхэлснийг сайн мэднэ. Үнэн хэрэгтээ Ж.Мөнхбат нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт эрх ашгийн том зөрчил байсныг нь хэлсэн. “Хотгор шанага”-ын уурхайг Сангийн сайдын ах нар зарсан нь баримттайгаа ил л болсон зүйл шүү дээ. Гэтэл ийм ноцтой баримт дэлгэн ярьсан нэг гишүүнээ хараан зүхэж эрх ашгийн зөрчилтэй нэгнээ өмөөрч суугаа нь зүйд нийцэхгүй л дээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо ашиг сонирхлын зөрчилтэй хэнийг боловч засгийн босго давуулахгүй хэмээн ам бардам хэлж байсан ч ийнхүү хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй хүнд мөнгөний авдарны түлхүүрээ өгөөд түүнийг нь хэлсэн хүнийг элдвээр доромжлоод сууж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол түүний анх удаа хэлснээсээ буцсан явдал болов. Оюутолгойгоос орж ирэх мөнгөний урсгалыг Монгол Улсын банкаар бус гадаадын банкаар дамжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан, стратегийн гэж хэлж болох “Хотгор шанага”-ын уурхайг ахан дүүстэйгээ нийлээд харьд зарчихсан хүнийг төрийн сайдад зүтгүүлж, үнэний өмнө сөхрөхдөө ийнхүү хэнийг ч хамаагүй хараан зүхэж байгаа нөхөр цаашдаа хуулийн хүрээнд эрүүл ажиллах уу. Энэ асуултын хариу, асуултын тэмдэгийн ард юу үлдэх бол…

Энэ бүгдээс харвал ёстой л төрийн ордны хоёр давхарт зураг ч үгүй, сураг ч болох вий. Ядахад УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайд суудалдаа тэсч үлдэх тал дээр тааруухан байдаг бичигдээгүй хуультай л даа. Өөрөөр хэлбэл “дан дээл”-тэй нөхөрт даарах өдөр ирнэ л дээ. Тэгэхэд МАН-аа түших үү, АН-аа түших үү гэдэг асуудал үүсэх бий вий…

Хариулт үлдээх

Your email address will not be published.