Лаосын боловсрол, спортын хатагтай манай улсад айлчилж байна
2017 оны 11 сарын 27

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд хатагтай Сөнгдүанен Лачантабүн 2017 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүнтэй 24-ний өдөр уулзалт хийж, Монгол, Лаосын боловсролын салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцооны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Боловсролын сайд нар Монгол, Лаосын боловсролын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Монгол, Лаосын оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2017/2018 оны хичээлийн жилд манай улсын МУИС, ШУТИС, АУШУҮИС, ХААИС-д олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, уул уурхай, програм хангамж, анагаах ухаан, мал эмнэлгийн чиглэлээр нийтдээ 42 лаос оюутан суралцаж байгаа бол Лаосын Үндэсний их сургуульд аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч болон олон улсын харилцааны чиглэлээр 12 монгол оюутан суралцаж байна. Талуудын 2010 онд байгуулсан оюутан солилцох тухай хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уулзалтын төгсгөлд хоёр улсын сайд нар “2017-2022 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Талууд уг хэлэлцээрийн хүрээнд жил бүр харилцан 10 оюутан солилцож байхаар боллоо. Хэлэлцээрийн дагуу суралцах оюутнуудад сар бүр 150 ам.долларын амьжиргааны тэтгэлгийг олгоно. БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн нь Монгол Улсад суралцаж буй лаос оюутнуудтай уулзалт, ярилцлага хийж, Монгол Улсын их сургуулийн үйл ажиллагаатай танилцана

Хариулт үлдээх

Your email address will not be published.