Багш нарт сар бүр олгодог урамшууллын хэмжээг нэмнэ
2017 оны 11 сарын 28

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа. Хуулийн төсөлтэй холбоотой зарим мэдээллийг Ц.Цогзолмаа сайдаас тодрууллаа.

Багшийн хөгжлийн тухай хуулиар ямар асуудлуудыг зохицуулж байгаа вэ?

Сүүлийн 20 гаруй жил багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх сайн систем байсангүй. Ажлаа сайн хийж байгаа багшийг урамшуулдаг байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа. Монгол улсын хэмжээнд 35 мянган багш байна. Багш хүн нийгмийн хөгжлийн түүчээ байдаг. Өөрөөр хэлбэл багш хүн өдөр бүр хөгжиж байх ёстой. Гадны орнуудын туршлагыг харвал ажлын байр нь дээрээ хөгжих боломжийг багш нарт олгосон байдаг. Энэ хуулийн хүрээнд сургууль, цэцэрлэг бүр дээр багшийн хөгжлийн төв байгуулах юм.

Цалин хөлсийг яах вэ?

Цалин урамшуулалтай холбоотой асуудлыг ажлын хэсэг гаргаж судалсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Сангийн яам, ХНХЯ-тай зөвшилцөж нэгдсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулна. Урьдчилсан байдлаар харахад багш нарт сар бүр олгодог 15%-ийн урамшууллыг 20% болгох асуудлыг ярилцаж байна. Бас нэг асуудал хөндөгдөж байгаа. 2007 онд батлагдсан багшийн ёс зүйн дүрмийг бүх багш нар мөрдөж ажиллахгүй байна. Эцэг эхтэй харилцах, сурагчтай харилцах шинэ ёс зүйн дүрмийг баталж гаргах тал дээр анхаарч ажиллаж байна.

Багш нарын ур чадварыг яаж үнэлэх вэ?

Сайн багшаас сайн сурагч төрнө гэсэн зарчмыг үндэслэн үнэлгээний шинэ журмыг боловсруулж байгаа. Үнэхээр ажлаа сайн хийж байгаа бол өндөр цалин өгье. Шаардлага хангахгүй байгаа бол цалин хөлстэй нь хариуцлага тооцох зарчим барина.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Багшийн хөгжлийн тухай хууль гарснаар 3 жил сайн ажилласан багш шалгалт өгөөд зэрэг ахидаг болох юм.

– Нэг багш 60 хүүхдэд хичээл зааж байна. Бид Багшийн хөгжлийн тухай хуулийн хүрээнд туслах багшийн орон тоог бий болгох ёстой. Багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг туслах багшаар ажиллуулдаг болно. Бага ангийн багш нарт туслах багшийн туслалцаа хэрэгтэй байна. Туслах багштай байна гэдэг олон улсын жишиг юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.