АТГ-ын дарга Х.Энхжаргал: С.Баярцогтын асуудлыг мөн Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа
2017 оны 12 сарын 5

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “оффшор”-ын асуудлаар УИХ-ын гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: -Банк хоорондын гүйлгээг хянаж, нэг жилд хэчнээн төгрөг гадагшаа гарч байна. Тэндээс хэд нь оффшор бүс рүү шилждэгийг тогтоох хэрэгтэй. Мөнгө бол ямар нэгэн байдлаар мөрөө үлдээнэ. Нэгэнт алдсанаа илрүүлж чаддаггүй юм аа гэхэд гарах гэж буй мөнгийг сайн хянаж, эрсдэлээс урьдчилсан сэргийлж, оффшор бүс рүү алдмааргүй байна.

УИХ-ын гишүүн, Н.Оюундарь: -Дэлхий нийтийн зах зээл, өрсөлдөөнд орохын тулд оффшор бүсэд зайлшгүй хөрөнгө байршуулах шаардлагатай. Зүй ёсоор ном журмаар нь мөнгөө олоод тэр бүсэд байршуулж, олон улсад бизнес хийхээр зэхэж буй нэгнийхээ боломжийг давхар бүү хаа. Оффшор бүс бол хууль бус юм гэж зөвхөн яримааргүй байна.

Хооронд нь сайн ялгаж салган АТГ-аас тайлбарлаж, мэдээлэх хэрэгтэй. Цаашид Гадаад харилцааны яамнаас мэдээлэл авсны үндсэн дээр ямар улс орны, ямар бүсийг оффшор вэ? гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. АТГ-ын дарга Х.Энхжаргалын тухайд байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагааг танилцуулав.

АТГ-ын дарга Х.Энхжаргал: -Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн хийж буй ажлыг товч танилцуулъя. Шинээр 4751 албан хаагч төрийн албанд томилогдсон байна. Төрийн албанд жилд 10 гаруй мянган хүний халаа сэлгээ хийгддэг.

Энэ талаар илүү нарийн хяналт шалгалт дүнг шинжилгээний хэлтэс гаргана. Төрийн албанд ажиллах иргэдийг томилогдохоос нь өмнө ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоодоггүй нь гол зөрчил болж байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авахад цахим систем ашигладаг болсноор 900 гаруй мянган цаас хэвлэхээ больсон.

Ер нь бол 2018 он гараад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах ажлыг цахимжуулна. Дөрөвдүгээр сарын 13-нд ашиг сонирхлын хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 3-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ оффшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ хугацаа хойшилно гэсэн үг.

Оффшорын тодорхой бүсүүдийг УИХ-аас зарласан. С.Баярцогтын асуудлыг мөн Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа. Офшорт байгаа хөрөнгөө татвараас нуусан уу гэдгийг тогтоох хэрэгтэй.

Ерөнхийлөгч оффшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй. Мөрдөн байцаах хэрэг 157-оор өсөж 387 болсон. Арванхоёрдугаар сарын 8-нд олон нийтийн дэд төвийг нээнэ’ хэмээх хариултыг өглөө.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.