З.Энхболд: Хориг тавихдаа алдаа гаргасан байна. Засаад уншчихаарай
2017 оны 12 сарын 7

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьсаныг уржигдар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Энэ нь Ерөнхийлөгчийн гурав дахь хориг байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын ажилтнууд аливаа асуудалд судалгаагүй ханддаг гэдгээ үүгээр харуулав. Учир нь хоёр өдрийн өмнө л 2018 оны төсвийн тухай хуулийг шүүмжилж хориг тавьж буйг мэдэгдэж байсан З.Энхболд хориг тавихдаа алдаа гарсаныг өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

Тэрбээр “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна” гэсэн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригтай танилцсан тухай байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан” гэсэн юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.