”Монголын зэс” корпораци Дээд шүүхэд ялалт байгуулжээ
2017 оны 12 сарын 7

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан “Монгол зэс” корпораци Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд ялалт байгуулжээ.

УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10 ны өдөр баталсан. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон. Ийн ТУЗ-ын гишүүдийг шууд томилсон нь хууль зөрчсөн хэмээн Тус үйлдвэрийн 41 хувь эзэмшигч болоод байсан тал нэхэмжлэл гарган хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2017.12.07/ Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүртгэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэж байна. Дашрамд сануулахад тус үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд хууль эрх зүйн хувьд асуудал шийдэгдээгүй байхад төр 41 хувийн эзэмшигчдийн эрх ашгийг зөрчин, ТУЗ-ын бүрэлдэхүүнийг 100 хувь Засгийн газраас томилсон нь буруу гэж үзэж гомдол гаргаад байсан. Ийн УИХ-ын тогтоолоор олон улсын хүчин төгөлдөр гэрээг зөрчин удирдлагыг томилсон нь буруу гэсэн шийдвэрийг хяналтын шатны шүүх баталгаажууллаа.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.