Мөнгө хүүлэлтийн системийг нурааж чадах уу
2017 оны 12 сарын 12

Арилжааны банкууд 25-36 хувийн хүүтэй зээл олгож буйг эдийн засагчид мөнгө хүүлэлт буюу мөлжлөгийн систем гэж нэрлэх болсон. Зээлийн хүү хэт өндөр байгаагаас жижиг дунд үйлдвэрлэл Монгол Улсад хөгжиж чадахгүй байна гэж хувийн хэвшлийнхэн тайлбарладаг. Хүүгийн дарамтад орсон иргэд банканд барьцаалсан хөрөнгөө алдаж буйг боловсон дээрэм гэж өнөө үед томьёолох болсон. Тэгвэл мөнгө хүүлэлтийн эсрэг буюу банкны зээлийн хүүнд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт улс төрчид, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчид оролцож зээлийн хүүтэй холбогдуулан өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

Зарим Арилжааны банк мөнгө хүүлэгч болсон

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ: Зарим арилжааны банкууд маань мөнгө хүүлэгч болсон. Хамгийн багадаа 25-36 хувийн хүүтэй зээл олгож, олгосон зээлээсээ 1 хувийн шимтгэл авдаг. Зохиомол дарамтууд бий болгож зориудаар банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авахуулдаг. Тэд нар нь томоохон банкуудаас санхүүжиж байдаг. Өнөөдөр Монголбанк бодлогоо алдсан. Монголбанкны бүх бодлогыг арилжааны 14 банкны захирлуудын луйварчдын бүлэглэл эзэгнэж байгаа. Ганцхан жишээ хэлье. 2016 онд Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг 142 тэрбум төгрөг, 2017 оных нь 192 тэрбум төгрөг болсон. Энэ бол ганцхан банкных шүү. Банкаар оролдуул хямрал болно шүү гэж айлгаад байна. Одоо айдаг цаг биш л дээ. Төрийн зохицуулалт гэж байдаг бол нийгэм, эдийн засагт гарч буй асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах ёстой.

Сүүлийн хоёр сар зээлийн хүүг хүчээр буулгаж болохгүй гэсэн захиалгатай мэдээлэл цацаж байна

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар: Сүүлийн 2 сар Монгол Улсын бүх л радио, телевизээр арилжааны банкны зээлийн хүүг буулгаж болохгүй. Зах зээлийн зарчмаараа зээлийн хүү явах ёстой гэсэн мэдээлэл гарлаа. Үүнийг захиалгатай гэж харж байгаа.  Банкууд сүүлийн хоёр жил 200 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа гэж танилцуулж байна. Үгүй бүгд алдагдалтай гарсан. Миний тооцоогоор Монгол Улсын арилжааны банкууд зээлийн үйл ажиллагаанаасаа 400-500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 20-40% хүүтэй зээл авч чадах аж ахуйн нэгжгүй болсон. Сүүлийн хэдэн жил арилжааны банкуудын мөнгийг Төв банк, Засгийн газар хоёр хүчээр өндөр хүүгээр авч ирсэн. Саяхан Засгийн газраас арилжааны банкуудад өндөр хүүтэй бонд өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн сар хагас Сангийн яамнаас үнэхээр бонд гаргасангүй. Дотоод нөөц боломжоо ашиглаад болж байх шиг байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийг гаргахгүй бол банкууд 4-5 жилийн дараа байхгүй болно. Энэ хуулийг иргэд, аж ахуйн нэгжээс илүү банкууд өөрсдөө дэмжих ёстой юм.

Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь сөрөг үр дагавартай  

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Зээлийн хүүнд хязгаар тавьж байгаа орнуудын ихэнх нь зээлийн хүртээмж багатай улсууд байдаг юм байна. Зээлийн хүүнд хязгаар тогтоож байгаа нь сөрөг үр дагавартай. Энэ талаар олон ярьсан. Захиалгаар яриад байгаа юм биш. Үнэн байдлыг яриад байгаа юм. Мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт байж болох юмаа гэж бодож байгаа. Гэхдээ арилжааны банкны зээлийн процессод нөлөөлөхгүйгээр зээлээ төлөх чадваргүй иргэдийг хэт өндөр хүүгийн дарамтаас хамгаалах зохицуулалт байж болох юм.

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дундаж яг үнэндээ 40-50%

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Зохиомлоор санхүүгийн хүндрэл учруулах замаар иргэдийн барьцаалсан хөрөнгийг авах, төсөл материал хуулбарлаж оюуны өмчид халдах үйлдлийг зарим банкууд увайгүй хийж байна. Тэд зээлийн дундаж хүүг худлаа тооцоолж байгаа. Танил тал буюу нэгдмэл сонирхолтой хүмүүстээ бага хүүтэй зээл олгодог. Энэ нь зээлийн хүүгийн дунджийг бага болгоод байгаа юм. Зээлийн хүүгийн дундаж яг үнэндээ 40-50% байгаа.

Монгол улсад 3000 эзэнгүй, хяналтгүй ломбард байна

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Монгол улсад 3000 эзэнгүй, хяналтгүй ломбард байна. Төв банк, санхүүгийн зохицуулах хороо үүнийг өөрөөсөө гаргаад хаячихсан. Яг өнөөдөр арилжааны банкууд жижиг зээл гаргах сонирхолгүй болсон. 5-6 сая төгрөгийн зээл гаргаж араас нь явж байхаар Засгийн газрын бонд авъя, үнэт цаас авъя гэж явдаг болсон.

Зээлийн хүүг бууруулахын тулд Монголбанкны бодлогын хүүг бууруулах хэрэгтэй

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Монголбанкны бодлогын хүү 12 байгаа цагт Арилжааны банкны хүү хэзээ ч буурахгүй. Монгол Улсын эдийн засаг 5.8% өсөлттэй байна. Ирэх онд 10% хүрэх болов уу гэж харж байгаа. Америк, Япон, Англи зэрэг улсын Төв банкны бодлогын хүү 0.25% байна. Жишээ нь АНУ-ын Төв банкны бодлогын хүү энэ жил нэг хувьд хүрэх тухай, 2020 онд дөрвөн хувь байх тухай ярьж байна. Харин манайх шиг бодлогын хүүг 12-15% барих тухай ярьдаггүй. Монголбанкны бодлогын хүүг буулгаач, хадгаламжийн хүүг буулгаач гэж хүсч байна. Ломбард, Банк бус байгууллагуудын зээлийн дээд хүүг тогтоож өгөх хэрэгтэй. Арилжааны банкууд Засгийн газрын бонд авдаг явдлыг болиулаачээ. Үүнээс болж Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох сонирхолгүй байна шүү дээ.

Г.Дугар

Хариулт үлдээх

Your email address will not be published.