“Оюутолгой”-д хийх аудитын шалгалтыг Дубайн гэрээнээс эхлүүлнэ
2017 оны 12 сарын 14

Үндэсний Аудитын газар “Оюутолгой” ХХК-д санхүүгийн шалгалт хийх гэнэ. Тодруулбал, стратегийн орд эзэмшигч “Оюутолгой” компани Засгийн газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг нягтлах аж. “Оюутолгой”-д хийх аудитын шалгалтыг Дубайн гэрээнээс эхлүүлнэ.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 5-р сард Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлал хийх үеэрээ Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байдаг. Оюутолгой ордын нийт баялгийн 80% нь газрын гүнд бий учир далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх зайлшгүй шаардлага байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой төсөл улс төрөөс ангид болж бизнесийн зарчмаар явахаар боллоо. Шийдлийн Засгийн газар гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ хэмээн хэвлэлээр ярьж байлаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засагт 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Эхний ээлжинд шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгож чадлаа хэмжээ байв.

Дубайн гэрээ гайхалтай сайн гэрээ болсон гэж Шийдлийн Засгийн газрын тэргүүн ам хуурай суулгүй магтсан ч энэхүү гэрээг “Луйвар” гэх шүүмжлэл байнга дагасан. Өнөөдрийг хүртэл Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл хууль хяналтын байгууллагуудыг чиглэдэг.

Монгол Улсын Ерөнхий асан Д.Бямбасүрэн: Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгах ёстой. Уг гэрээг Рио Тинтогийн захиалгаар Ч.Сайханбилэг хийсэн гэж хардаж буйгаа хэлсэн байдаг.

Үүнээс гадна Оюутолгойн гэрээг хамгийн их шүүмжилдэг улс төрчдийн нэг С.Ганбаатар: Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурсан Дубайн гэрээнээс болж Монгол Улс 2048 он хүртэл ашиг хүртэхгүй боломжгүй боллоо. Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа хэмээн хэлж байгаа боловч үнэндээ тэр нь гэрээ юм гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл Дубайн гэрээтэй холбоотой маргаантай асуудал ирэх онд тодорхой болно. Монгол улсад ашигтай гэрээ юу, ашиггүй гэрээ юу гэдгийг санхүүгийн шалгалтаар тогтооно. Үндэсний аудитын газар, Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан горимоор санхүүгийн шалгалт хийхээр болсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар саяхан мэдэгдсэн. Энэхүү шалгалтын үр дүн Шийдлийн Засгийн газрын тэргүүнд “Шийтгэл” хүлээлгэх эсэхийг шийдэж мэдэх юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.