Зээлийн хүүг нэг оронтой болгож чадах уу
2017 оны 12 сарын 13

Улс төр дэх ойрын өдрүүдийн халуун сэдвийн нэг нь зээлийн хүүд хязгаар тогтоох тухай асуудал болов.  Хэд хоногтоо парламентын хүрэн зандан танхим энэ сэдвээр амьсгална.

Зээлийн хэт өндөр хүү улстөрчдийн анхааралд орж, асуудлын хэмжээнд авч үзэж байгаа нь  олзуурхууштай. Үнэнэдээ бол  Монголын хөгжил, үйлдвэр хөгжих боломж бололцоо арилжааны банкууд дээр аргамжаатай байсаар өдийг хүрлээ.  Банкны ийм дарамттай байсан цагт буян амалж, бурхан бүтээгээд ч баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж чадахгүй.

Монголын арилжааны банкуудын жилийн зээлийн хүү 19,8-31 хувь гэсэн тооцоог гаргажээ.  Ийм өндөр ханш манайхаас өөр газар байдаг үгүй нь бараг тодорхойгүй. Африкийн Чад, иргэний дайны хөлд зуун дамжин нухлуулж яваа Афганистан улс гэхэд  банкны хүүгийн дээд хэмжээ 15 хувиас хэтэрдэггүй аж. Энэ жишгээс ямархан дүр зураг тодрох нь ойлгомжтой байх.

Монголын хөгжил, үйлдвэр хөгжих боломж бололцоо арилжааны банкууд дээр аргамжаатай байсаар өдийг хүрлээ. Банкны ийм дарамттай байсан цагт буян амалж, бурхан бүтээгээд ч баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж чадахгүй.

Монголын банкны энэ өндөр хүүний цаана арилжааны хэдэн банкууд цатгалан чоно  шиг тарвалзаж харин иргэд аж ахуйн нэгж хойд хормойгоороо урд хойрмойгоо нөхөж явна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн саначилсан Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг масс дэмжиж байгаа. Энэ асуудлыг хууль тогтоогчид танай, манай нам гэлгүй ач холбогдол өгч хэлэлцэж байгаа нь сайшаалтай.  Хуулийн төсөлд банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг 18 хувь байхаар тусгасан.  Гэхдээ энэ бол ард түмний хүсэмжлэлд хүрээгүй хувь хэмжээ. Гэхдээ оргүйгээс охинтой гэдэг шиг ийм хэмжээ хязгаартай байна гэдэг “хөөрхий бидний монголчуудад” бол  урагш хийсэн нэг алхам болно.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудлаар хоёр хоногийн өмнө нээлттэй хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр  зарим эдийн засагчид банкны зээлийн хүүг нэг оронтой  болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Жаахан уянгын халилтай ч гэсэн энэ бол  боломжгүй зүйл бас биш. Норвеги, Япон гэхчлэн 1,4-1,5 хувийн хүүтэй улс орон цөөнгүй байна. Харин нэг оронтой зээлийн хүү бүхий улс зөвхөн энэ хоёроор хязгаарлагдахгүй. Монголчуудын зорчдог, ойролцоо хөгжилтэй Непал буюу Балба гэхэд 9 хувь орчим, халуун бүсийн Бангладеш  гэхэд 10  хувийн хүүтэй байх жишээний. Монголыг сэрүүн бүсийн Бангладеш гэсэн хэллэг хэдэн жилийн өмнө дуулддаг байсныг санаж байгаа байх. Ядуу зүдүү, хоцрогдсон байдлаар нь тийн жишиж байсан хэрэг. Гэвч тэд эдийн засаг дахь зээлийн урсгалаа иргэддээ  хөнгөвчилж өгч чадсаныг энэ 10 хувийн зээлийн хүүний хэмжээнээс анзаарагдана.

Авч байгаа, өгч байгаа аль аль талдаа ашигтай байх нэг л зарчим бий. Харин манай банкны зээлийн агуулга нь ашиг нь зөвхөн банк талдаа төвлөрч,  авсан талд үлдэх мөргүй, үлээх хөөсгүй замхарч, авдраа хоослоход хүрч байгаа нь шударга тогтолцоо биш.

 Банк санхүүгийн тохиролцоо, зээлийн хүүгийн олголт, хувь хэмжээг тогтоож байгаа байдал дээр төр анхаарах шалтгаан энэ мэт олон.

Тиймээс төрөөс зохицуулалт хийж зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Гэхдээ бас учир жанцан бий. Хэт хөөрлөөр хандаж болохгүй асуудал. Эдийн засгийн урсгал, гольдролыг хүчээр өөрчилбөл үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдов гэгч болно. Юуны өмнө хадгаламжийн хувь хэмжээ хөндөгдөнө. Банкууд хадгаламжийн өндөр хүү амалж иргэдийн мөнгийг татдаг. Тэгэхээр зээлийн хүүг дагаад хадгаламжийн хүү буурна.

Авч байгаа, өгч байгаа аль аль талдаа ашигтай байх нэг л зарчим бий. Харин манай банкны зээлийн агуулга нь ашиг нь зөвхөн банк талдаа төвлөрч, авсан талд үлдэх мөргүй, үлээх хөөсгүй замхарч, авдраа хоослоход хүрч байгаа нь шударга тогтолцоо биш.

Зарим эдийн засагчид зээлийн хүүг хүчээр хязгаарлах нь арилжааны банкуудыг багалзуурдаж байгаагаас ялгаагүй  гэсэн байр суурь илэрхийлж байна. Түүнчлэн ийм байгаа нь банкуудын буруу биш харин эрх зүйн зохицуулалт муу байгатай холбоотой гэж байна.

Бусад орнуудын жишгээр банкы жилийн хүү 20 хувиас дээш байгаа тохиолдолд үүнийг мөнгө хүүлэлт хэмээн үздэг юм байна. Харин манай хувь асуудал аль ч талдаа бай, хэрэв энэ хууль батлагдвал мөнгө хүүлэлтийн эсрэг эрх зүйн орчин бүрдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.  Нөгөө талаасаа эдийн засаг дахь мөнгөний эргэлт эрчимжиж, иргэд аж ахуйн нэгжүүдэд банкнаас ирдэг дарамт бага ч гэлээ хөнгөрөх зэрэг эерэг үр дүнг авчирна.

П.Булган

Хариулт үлдээх

Your email address will not be published.