ОУВС Монголд оны өмнө 79.1 сая ам.долларын санхүүжилт олгоно
2017 оны 12 сарын 18

-ОУВС Монголд хийх хоёр дахь санхүүжилтийг баталлаа-

Амралтын өдрүүдэд дуулдсан сайн мэдээний нэг нь ОУВС Монголд хоёр дахь шатны санхүүжилт олгох болсон тухай шийдвэр байв.

Өнгөрөгч баасан гарагт ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаан болжээ. Энэ хуралдааны үеэр  ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн I болон II шатны үнэлгээг хэлэлцэж, дараагийн шатны  санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан байна. Өнгөрсөн аравдугаар сард Монголд ОУВС-гийн Ажлын хэсгийн дүгнэлтээр хөтөлбөр хэрэгжиж буй хагас жилийн хугацаанд зорилтот тоон үзүүлэлтүүд хангагдсан гэж үзсэн байна. Эхний санхүүжилтийн эх үүсвэр болох 38.6 сая ам.долларыг хөтөлбөр хэрэгжиж эхэлсний маргааш буюу тавдугаар сарын 26-нд Монгол Улсын дансанд шилжүүлж байв.

Тэгвэл Монголд хийх дараагийн санхүүжилт болох 79.1 сая ам.долларыг ОУВС-гийн захирлуудын зөвлөл баталж, энэ онд багтаан Монголбанкны дансанд орох аж. Гурван жилийн хугацаанд хэрэгжих Өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд  ОУВС-гаас хийх  425 гаруй сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг эх үүсвэрийг Монгол Улс валютын нөөцөө нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Түүнчлэн ОУВС-ийн энэ шийдвэр нь бусад хандивлагч орнуудад эерэг дохио болон очиж байгаа бөгөөд үүний араас Азийн хөгжлийн банк болон Япон улсаас авах зээлийн санхүүжилтийн асуудал удахгүй шийдэгдэхээр болж байгаа аж.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.