Өндөр орлоготой иргэдээс өндөр татвар авах нь зөв үү
2017 оны 12 сарын 22

2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр болсон. Татварыг шатлалтайгаар нэмэх бөгөөд таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч төлөх татварын хэмжээ өөр өөр байх юм. Тухайлбал таны сарын цалин:

1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%

1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%

2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%

3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25% байх юм.

Татвар нэмж буй Засгийн газрын шийдвэрийг олон нийт шүүмжилж өндөр бүтээмжтэй ажилладаг нийгмийн дундаж давхаргын иргэдийн халаасыг тэмтэрч буйг эсэргүүцэх болсон. 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн дийлэнх хувь нь уул уурхайн салбарт хөдөлмөрлөдөг. Удаан хугацаагаар хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг хүмүүс байгааг тодотгох болсон. Мөн татвар нэмснээр далд эдийн засаг хүрээгээ тэлж татвараас зугтах, орлогоо нуух үзэгдэл газар авах сөрөг талтайг эдийн засагчид  сануулж байгаа. Тэгвэл зарим төрлийн татварыг нэмэхээр болсон шийдвэрийг УИХ-ын гишүүд дараах байдлаар тайлбарлав.

ӨНДӨР ОРЛОГОТОЙ ХҮМҮҮСЭЭС ӨНДӨР ТАТВАР АВАХ НЬ ЗӨВ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Манайх 10 хувийн татвартай байсан. Сая 2017 онд Татварын тухай хуульд өөрчлөлт оруулж 2018 оноос Хүн амын орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосон. Дээд тал нь 25 хувьтай болгосон юм. Хуучин дандаа 10 хувь байсан. Би бол өндөр орлоготой хүмүүсээс өндөр татвар авах нь зөв гэж бодож байна. Татвар бол орлогоос хамаардаг байх ёстой. Тэнд цөөхөн хүн бий. Нийт татвар төлөгчдийн 96 хувь нь 10 хувийн татвар төлнө. Дөрөвхөн хувь нь 1.5 саяас дээш орлоготой байгаа юм.

Далд эдийн засаг бий болно гэж эдийн засагчид тайлбарлаж байна?

Дөрөв хувь л байгаа юм. Далд юм гарахгүй. Одоо цалин орлого нээлттэй болсон. Данс бүртгэл хийдэг байгууллага л бол бүх зүйл нээлттэй.

ОУВС-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ АРД ТҮМНИЙ ХАЛААСЫГ СУЙЛАХАА БОЛЬ

Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүн: Нийгмийг авч явдаг хэсэг бол дундаж давхаргынхан байдаг. Гэтэл тэдэн рүү дайрсан татварын бодлого хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ оны төсвийн тодотголоор 499 тэрбум төгрөгийг сайд нарын гарын салаагаар урсгасан. Гэтэл ирэх онд татвар нэмснээр 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Зарлагаа л багасгах хэрэгтэй. ОУВС-ийн нэрийг барьж ард түмний халаасыг суйлахаа боль.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.