АТГ: МХЕГ-ын хэлтсийн дарга нарын гэрээс 500 сая төгрөг хураан авсан
2017 оны 12 сарын 26

Авлигтай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр олны анхаарлын төвд байгаа авлига, хээл хахуулийн хэргүүдийн шалгалтын явцын талаарх мэдээллийг хэвлэлд өгөв. Тодруулбал, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарыг 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна. Тус газрын дарга нар бүлэглэн хүнс, тахиа, гахайны мах, шонхор шувуу, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг бүтээгдэхүүнд экспорт, импортын  зөвшөөрөл олгохдоо төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний мөнгийг хахуул болгон авсан нь тогтоогджээ. Улмаар прокурорын зөвшөөрлөөр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууцанд хийсэн нэгжлэгээр 500 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө илрүүлж, хураан авсан бөгөөд сэжигтнүүдийг яллагдагчаар татан, үргэлжлүүлэн цагдан хорьж байгаа гэв.

Мөн Монголросцветмет  ХХК-ийн ерөнхий захирал До.Ганболдын гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, гэрээнд албна тушаал, авлигын хэрэг байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр мөрдөн шалгаж байна гэх мэдээллийг өглөө.

H.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.