Н.Цэрэнбат: Зарим хэсэгт нь зуух тараана
2018 оны 1 сарын 8

26239583_1304307859670218_3572563116905600494_n

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, 2018, 2019 онд Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх гол ажлууд болон агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Хурлаар хэлэлцсэн эдгээр асуудлуудаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан асуудлыг хэлэлцсэн байна. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэдэд хувьчлах, ашгийг нь ард түмэнд хүртээх эсэх асуудлыг хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэхээр болжээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид үлдсэн нэг сарын хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ. ” хэмээн онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн “Засгийн газар үлдсэн 900 хоногт гурван тулгуурт өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн ойрын хугацаанд ямар том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа шийднэ. Харин агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэг том цогц арга хэмжээг авч ажиллахаар болж, Ажлын хэсгийг томиллоо. Ерөнхий сайд ч утааны асуудлаар тодорхой цогц санал оруулж ирэхээр боллоо. Гэвч хөрөнгө мөнгө их шаардлагатай болно. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг буруулах чиглэлээр тодорхой олон төслүүдийг хэрэгжүүлнэ” гэлээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.