Техникийн захуудыг нүүлгэнэ
2018 оны 1 сарын 11

Техникийн захуудыг нүүлгэж эхэлнэ гэв
Нийслэлийн төмөр замын вокзалын баруун талд байрлах 1000 машины зогсоол бүхий автомашин худалдааны газрыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлөх үйл ажиллагаа болсон билээ. Иргэд дунд “Хүч хэрэглэлээ”, “хүний эрхэд халдлаа” гэхчлэнгийн сэтгэгдэл цөөнгүй гарч байсанч олон нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн хууль бус үйл ажиллагааг ингэж хязгаарлах нь зүйтэй гэсэн олны хандлага, сэтгэгдэл түүнээс олон бичигдэж байсан. Товчхондоо бол төр засаг хийх ёстой ажлаа л хийсэн гэж ойлгож байгаа.

Нэгэнтээ хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг чөлөөлөх нь зүй ёсны хэрэг. Тэгээд ч автомашин худалдааны цогцолбор төв байгуулчихаад байхад зарим бизнес эрхэгчид дур зоргоороо хотын төвд түгжрэл үүсгэн үйл ажиллагаа эрхэлж байгааг таслан зогсоох нь зөв юм. Энэ ч утгаараа 1000 машины зогсоолыг чөлөөлсөн явдалд иргэд талархалтай хандаж байна. Тэгвэл хотын удирдлагуудын ажил 1000 машины зогсоолыг чөлөөснөөр дуусахгүй нь бололтой.

Цаашид ч энэ үйл ажиллагаа үргэлжилж, нийслэлд ачаалал үүсгэж байгаа томоохон зах, техник худалдааны төвүүдийг нүүлгэх ажлыг шат дараатай зохион байгуулах юм байна. Энэ тухай НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Өмнө нь шийдэж чадахгүй байсан асуудлууд хуулийн хүрээнд шийдвэрлэж, иргэдийн хувьд хоосон лоозон гэж боддог байсан зүйлс биеллээ олж байгаа хотын удирдлагуудын үйл ажиллагаанд иргэд талархалтай хандах нэг шалтгаан болж байгаа юм.

Хотын түгжрэл, хөрсний бохирдлын томоохон шалтгаан болж байгаа техникийн захуудыг хотоос гаргаж чадвал дараагийн асуудлууд ч зөв гольдролдоо орно. Тухайлбал, дагуул хотуудыг түшиглэсэн үйлдвэрийн технологийн парк, их сургуулийн хотхон гээд хүлээгдэж буй асуудлууд их байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.