Агаарын бохирдлоос ангижрах үр дүнтэй шийдэл – Орон сууцжуулалт гэдэгт санал нэгдлээ
2018 оны 1 сарын 14

forum“Блүмберг ТВ Монголиа” телевизээс Барилга хот байгуулалтын яам, “МИК” ХК-тай хамтран зохион байгуулж буй “Утаагүй Улаанбаатар” форумын гол сэдэв гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулах бодит шийдэл, гарах гарцыг тодорхойлоход чиглэлээ. Форумын хүрээнд “Орон сууц-Цэвэр Агаар”, “Орон сууц-Зах Зээл”, “Орон сууц-Тогтвортой санхүүжилт” гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Форумд оролцогчид “Улаанбаатар хотын хэмжээнд амьсгалын замын өвчлөлийн 79 хувь нь утаанаас үүдэлтэй, агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их үзүүлэлттэй байгаа зэрэг нь асуудлыг нэн даруй цогцоор, бодитой шийдэх шаардлагатай байгааг харуулж байна” хэмээн онцолж байлаа.

МХЕГ-ын хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн яндангаас гарч буй утаа хотын агаарын бохирдлын 60 хувийг, бичил уурын зуухууд 10 хувийг бүрдүүлж байна. Утаагүй зуух, цахилгаан халаалтаас эхлээд агаар шүүгч, амны хаалт хэрэглэх хүртэл олон богино хугацааны шийдлүүдийг ярьж, хэрэгжүүлж ирсэн ч тодорхой үр дүнд одоог хүртэл хүрээгүй байна. Иймд утаанаас ангижрах дунд болон урт хугацааны тогтвортой, үр дүнтэй шийдэл нь “Орон сууцжуулалт” гэдэгтэй форумд оролцогчид санал нэгдэж, бодит санал, санаачлагуудаа хуваалцлаа.

Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх гол арга зам нь орон сууцны ипотекийн зээл гэдгийг сүүлийн жилүүдийн туршлага харуулсан. Иймээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, үүний тулд төр-хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах ёстой гэж дүгнэв.

Барилга, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд “Утаагүй Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэхэд төр бодлогоороо хувийн хэвшлээ дэмжиж, орон сууцжуулах, бүтээн байгуулах ажлыг хувийн хэвшилд хариуцуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.

“МИК” ХК-ийн мэдээлснээр, орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 92 мянгад хүрснээс 77 хувь нь ипотекийн зээлд хамрагджээ. Мөн “Ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр анх олгож байснаас эрс багассан. Цаашид санхүүжилтийг босгоход анхаарч, зах зээлд өрсөлдөөн бий болгох хэрэгтэй”-г онцолж байлаа.

Монголын Барилгачдын Холбоо “Ипотекийн зээлийн хүүд өөрчлөлт оруулж, 4-6 хувь болгох хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ асуудлын хүрээнд Сангийн яам болон Монголын банкны холбоо “Ипотекийн зээлийн хүүг бууруулах шаардлага байгаа ч хамгийн гол нь гарц, шийдлийг зөв боловсруулах ёстой” гэв.

Эдийн засагч Ч.Хашчулуун “Агаарын бохирдол хамгийн их байгаа дөрвөн хэсэгт орон сууц барих хэрэгтэй” болохыг онцоллоо. Эдийн засагч С.Дэмбэрэл орон сууцны зах зээлийн нийлүүлэлтээс гадна эрэлтийн хүрээнд нарийн судалгаа хэрэгтэйг дурдав.

Д.ЭРДЭНЭТУЯА

forum

forum

forum

forum

Хариулт үлдээх

Your email address will not be published.