“200 хүнд зориулсан хууль оруулж ирдэгээ боль”
2018 оны 1 сарын 11
"200 хүнд зориулсан хууль оруулж ирдэгээ боль"

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

-Сугалж юм оруулж ирдэг, 200,300 хүнд зориулсан хууль оруулж ирэхээ болимоор байна. Ахмадын тэтгэврийн хуулиа цогцоор нь хийх хэрэгтэй. Бага тэтгэвэр авдаг ахмадад их нэмэгдэл олгоод, их тэтгэвэр авч байгаад нь бага нэмэгдэл олгох нь зүйтэй. Яагаад гэвэл эдийн засгийн хүнд үед бага орлоготой иргэд рүү анхаарсан бодлого явуулахгүй юм бол төр гэж яваад яах вэ. Бага орлоготой нь бага төлөөд, их орлоготойд нь их төлөөд яв л даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-МАН-ын мөрийн хөтөлбөр тодорхой хэмжээгээр хэрэгжиж байна. Цалинтай ээж, малчдын тэтгэврийн насыг наашлуулсан, хүүхдийн мөнгө олгож байна, элэг бүтэн монгол хөтөлбөр”ийг шийдэж байна. Өөрөөр хэлбэл ядарсан иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлээд явж байгаа гэдгийг сануулж өгсөн Б.Пүрэвдорж гишүүнд баярлалаа. МАН бодлогоо цогцоор нь авч явдаг юм. Татвар нэмлээ гээд ярьж байна. Өндөр орлоготой иргэдээс татвар авч, бага орлоготой иргэддээ халамж байдлаар өгч байна. Яагаад их олж байгаа нь их ачаа үүрч болохгүй гэж. Энэ асуудлыг ялгаж хардаг байгаасай. Хоёрдугаарт, түлээ  нүүрсний хөнгөлөлт, алдар гавьяатны нэмэгдэл гэх мэт зүйлээ хөөцөлдөөд авч чаддаг нь сайхан амьдраад байдаг. Нөгөө талд ганц бие, харж хандах хүнгүй ахмадууд тэтгэврээрээ амьдраад байдаг. Үүнийг бид анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Сэдвээсээ халиад улстөр хийгээд байна. Татвараа жигд 10 хувиар тогтоосноор татварын авлигал, давхар баланс алга болсон. Гэтэл одоо яг эсрэг байдал бий болно. Ш.Раднаасэд гишүүний байр суурийг дэмжиж байна. Дээр нь Үндсэн хууль батлалцсан депутатуудыг хамруулж байгаа. Тэд бол шинэ Монголыг бий болгох гавьяатай хүн. Ингэснээр Үндсэн хуулийг боловсруулсан хүмүүс халамж тэтгэлэг аваад, дуугүй болно гэвэл андуурал шүү.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.