Солонгост ажиллаж, амьдардаг залуус хүнд өвчтэй хүүд тусалжээ
2018 оны 1 сарын 14

БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг хэсэг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй С.Дэлгэрмөрөн хүүд хандивлажээ. БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг Т.Бат-Эрдэнэ, Д.Болдбаяр нар анх мөнгө цуглуулах санаачилга гаргаж, жил гаруйн турш мөнгөний гахай “тэжээсэн” байна. Ингэхдээ өөрийн ажилладаг “Woonjin express” компанийн байрандаа гахай байршуулж, хамт ажилладаг бүх монголчууд нь дэмжин оролцжээ.

Тус компанийн солонгосчууд ч гахайг хамтран “тэжээж”, улмаар жилийн дараа цугларсан мөнгийг хүмүүнлэгийн ажилд зориулахаар болон, Улсан хотод эмчлүүлж байсан С.Дэлгэрмөрөн хүүг олж, хандив өгөхөөр шийдсэн байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ээжийнхээ хамт БНСУ-д очсон, 12 настай С.Дэлгэрмөрөн хүү ясны эмгэг хугарал өвчнөөр найман удаа хагалгаанд орж, хүнд хатууг үүрч яваа юм байна.

Улсан дахь монголчууд хүүг ээжийх нь хамт сайхан сэтгэлээр ээлж дараалан эргэн тойрч, асарч байсныг ч сайн үйлсийн аяныг санаачлагчид хэлж байлаа. С.Дэлгэрмөрөн хүү эмчилгээгээ дуусгаагүй ч виз сунгуулах шаардлага гарч нутаг буцаад байгаа юм байна. Харин залуус мөнгөний гахайг дахин “тэжээж”, хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэхээр болжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.