“Оюу толгой”-д 155 сая ам.долларын татварын торгууль тавьжээ
2018 оны 1 сарын 16

“Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль   тавьсан” Туркойз Хилл Ресурс компаниас   хэвлэлийн мэдээ гаргажээ.

Манай татварын газраас 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулснаар дээрх торгуулийг тавихаар болсон байна.

Гэвч  “Туркойз Хилл Ресурс”-ээс “Оюу толгой” ХХК нь дээрх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно гэжээ. “Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм.

“Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, “Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани.” Рио Тинто” энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг хэмээн  Туркойз Хилл Ресурс компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Өмнө нь   манай татварын байгууллагаас “Оюутолгой”-д  130 сая ам.долларын татварын торгууль тавьсан ч түүнийг батлагдаагүй торгууль хэмээгээд 30 сая ам.доллар болгон бууруулж байсан билээ.  Энэ удаа ч татварын торгуулиа хүлээн зөвшөөрөхгүй мэдэгдэл гаргасан байна.

Тэгэхлээр аудитын дүгнэлт, Монголын татварын байцаагчдын хөдөлмөр дахиад л талаар болж магадгүй юм.   УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-г шүүмжилсэн мэдэгдлүүд гаргаж байгаа үед ийнхүү их хэмжээний татварын акт тавигдлаа. 

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.