Төв банкны тухай хуульд ямар өөрчлөлт орсон бэ
2018 оны 1 сарын 17

Өмнөх долоо хоногт Монголын парламентын өлгийдөн авсан хуулийн нэг нь Төв банкны тухай хууль байв. Энэ хуулийн зохицуулалт нийгмийн амьдралд түгээмэл утгаар нөлөөлдөг, банк санхүүгийн тулгуур хууль гэдгээрээ олны анхааралд  байсан. Хуулийн хэлэлцүүлгийн явцад хуулийн өөрчлөлтийн зарим нэг заалт иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд амжсан. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчийг гэмт хэрэг, хууль бус зүйл хийж, үйлдэл дээрээ баригдаагүй бол шалгах эрхгүй гэсэн заалт хуулийн төсөлд явж байсан. Яг л тоон дотор үсэг цохьж явна гэдэг шиг юм болсон. Манай хууль тогтоогчдын дунд “үйлдэл дээрээ баригдаагүй бол” гэсэн үг хэллэг тренд болж байгааг эндээс анзаарч болно. УИХ-ын гишүүний эрх зүйн зохицуулалтаас улбаалсан ийм нэг “халдвар” доошоогоо тархаж байгаа нь энэ байх. Харин дээрхи заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан гэдгийг тодотгох нь зүй.  Анх 1996 онд батлагдснаасаа хойш 14 дэх удаагаа нэмэлт өөрчлөлт орж байгаа  гэдэг утгаараа Төв банкны хууль  хамгийн “тогтворгүй” хуулийн нэгээр нэрлэгдэж магад. Энэ нь эдийн засгийн шилжилтийн үетэй учир холбоотой байж мэдэх юм.

Энэ удаагийн өөрчөлтөөр ажлын хэсгийнхэн хуучин хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад 18 хувьд нь өөрчлөлт орж бусад зохицуулалт нь хэвээр үлдсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Баттөмөр  онцолжээ. Харин хуульд ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг хамтаараа сонирхож үзье.

-Монголбанкны  Засгийн газар, УИХ-тай харилцах харилцааг илүү нарийвчилж, маш тодорхой  хуульчилж өгсөн. Шинэ хуулиар Төв банк нь Засгийн газартай хамтарч төсөл хэрэгжүүлэх, хуульд заагаагүй гэрээ хэлцэл байгуулахыг хориглосон. Ингэснээр Төв банкны хараат бус байдлыг илүү тодорхой болгож өгч байгаа юм.

– Хуучин хуульд Мөнгөний бодлогын зөвлөл гэж байсныг өргөтгөж хороо болгосон. Мөнгөний бодлогын хороонд Монгобанкны гурван ерөнхийлөгч, УИХ-аас дөрвөн хүн томилогдож ажиллана.

-Хуучин хуульд мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчид саналаа хүргүүлдэг байсан бол одоо Мөнгөний бодлогын хороо шууд хамтын шийдвэр гаргадаг болно. Энэ мэтээр Төв банкны ерөнхийлөгч дангаараа бус олонхоороо хамтын шийдвэр гаргадаг болж байна гэсэн үг.

– Монголбанкны дэргэд хяналт, шалгалтын зөвлөл гэж байсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг   Хяналт, шалгалтын хороо болгож, Монголбанк, арилжааны банкуудад хяналт тавих чиг үүрэгтэй болгосон. Монголбанк өмнө нь гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмаар ажиллаж байсан бол одоо эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмаар ажиллана.

– Урьд  нь аливаа банкны санхүүгийн  зохистой харилцааг муудсаных нь дараа арга хэмжээ авдаг байсан бол шинэ хуулиар урьдчилж арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл аливаа зохистой арга хэмжээг угтуулж авснаар  банк дампуурах эрсдэл буурна.

-Банк дампуурахад улсаас мөнгө олгохгүй. Одоо харин дампуурахаас урьдчилан сэргийлэх олон ажил хийгдэнэ. 2000  оноос хойш арилжааны гурван банк дампуурч, татвар төлөгчдийн мөнгөнөөс 620 орчим тэрбум төгрөгөөр төлсөн байдаг. Төв банкны хууль батлагдсаны дараа “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг  өргөн бариад байгаа. Хуулийн төсөл батлагдвал Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, иргэдийн банкинд итгэх итгэл бэхжинэ хэмээн харж байгаа.

– Шинэ хуулиар Засгийн газарт зээл олгох, бонд худалдаж авахдаа тухайн жилийн төсвийн орлогын 10 хувиас дээшгүй хэмжээгээр зээл олгож болно гэж оруулсан. Энэ нь хараат бус байдлыг хангаж, Засгийн газрын аливаа “гал унтраах”  ажиллагаанаас хол байх боломж олгож байгаа юм.

– Хуулийн төсөлд Монголбанкны үндсэн зорилтыг өөрчилж, үнийн тогтвортой байдлыг хангана гэж хууль санаачлагчид боловруулсан. Гэсэн ч хэлэлцүүлгийн явцад Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн  хуучин зорилтыг хэвээр үлдээгээд буй.

-Төв банкны ерөнхийлөгчийн цалинг УИХ итгэлцүүрээр тогтоохоор өөрчлөв. Итгэлцүүр гэдэг нь төрийн албаны хуульд байдаг. Өөрөөр хэлбэл  Монголбанкны ерөнхийлөгчийн цалинг  ажлын үр дүнтэй нь уялдуулж УИХ-аас итгэлцүүрээр тогтооно гэсэн үг.

– Төлбөрийн чадвар нь түр хугацаанд хүндэрсэн банкинд Монголбанкнаас хүлээн зөвшөөрөгдсөн активыг барьцаалж, зээл олгодог болно.

Төв банкны хуулийн гол өөрчлөлтүүдийг товч дурдахад ийм байна. Төв банкны тухай хууль дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө, дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг зургадугаар сарын 1-ээс мөрдөх юм.

Н.АНУ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.