Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018 оны 2 сарын 6

bolorchuluun

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-УЛААНБААТАРЫН ХАЯАГААР ДҮҮРЭН “УЛААНБААТАРЫН ХӨДӨӨ”
БИЙ БОЛЧИХЛОО-

-Шатахууны үнэ нэмэгдсэн асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Гадуур шатахууны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдчихлээ шүү дээ?

Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тэгэхээр өнөөдөр ажилгүйдэл, ядууралтай ийм үед хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлнө. Гэхдээ миний хувьд нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой гэж бодож байгаа. Харин орон нутагт шатахууны үнэ хямд байх нь зөв. Тэгж байж бид хүмүүсийн орон нутагтаа ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлнэ. Орон нутгаас жилдээ 20-30 мянган хүн нийслэл рүү нүүж ирж байна. Улаанбаатарын хаяагаар дүүрэн “Улаанбаатарын хөдөө” бий болчихлоо. Хөдөөд ажлын байр байхгүй байна. Татвар, эдийн засгийн бодлогоор хөдөөд хүмүүс ажиллаж амьдрах таатай орчин бий болгож, иргэд утаанаас дайжиж орон нутаг руу очих боломжийг бид гаргаж өгөх ёстой. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Япон, Герман, Солонгост ч тэр нийслэлд нь шатахууны үнэ өндөр байхад орон нутагт нь шатахууны үнэ хямд байдаг. Гэтэл манайд урвуугаар орон нутагт үнэтэй, нийслэлд хямд байдаг. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Цаашдаа орон нутаг болон нийслэлийн шатахууны үнийн ялгавартай бодлого явуулж байж энэ утаа униараас салах нэг үндэс болно. Бид бүлэг дээр ч гэсэн утааны асуудлыг ярьсан.

-Нийслэлд шатахууны үнэ нэмэх нь төвлөрлийг бууруулах оновчтой арга мөн гэж үү. Шатахууны үнийг дагаад иргэдийн амьдралд ч гэсэн сөргөөр нөлөөлнө гээд та хэллээ шүү дээ?

Төвлөрлийг сааруулах гол бодлого ганц шатахуунаас бус өөр бусад асуудалд ч бий. Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэн мөртлөө бүх юм нь социализмаараа явж байна. Бүх татварыг төвд татдаг, орон нутагт бараг очихгүй байгаа. Эргээд дахин хуваарилалт хийгээд, хийсэн нь оновчгүй болдог. Аль овсгоотой, сайн хөөцөлдөж чадсан УИХ-ын гишүүд нь хэрэгтэй, хэрэггүй хөрөнгө оруулалтыг орон нутагт, тойрогтоо татах асуудал байна. Социализмын үе шиг дахин хуваарилалтын татварын бодлого буруу байна шүү дээ. Орон нутагт нь бий болсон дахин хуваарилалтын татварыг орон нутагт нь үлдээдэг байх хэрэгтэй. Ингэж л төвлөрлийг сааруулж чадна. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Гаалийн импортын татвар ч гэсэн өндөр байж бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Тэгэхгүй хилээс 100 км зайтай амьдарч байгаа аймаг, сумд ямар ч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд нэмэргүй шүү дээ.

-Засгийн газар шатахууны үнийн асуудал дээр хатуу байр суурьтай байж болдоггүй юм уу?

-Энэ асуудал дээр төр төмөр нүүрээ харуулах ёстой. Үнэ нэмэх асуудлаа дур мэдэн нэмсэн асуудал байхгүй байх гэж л бодож байна.

-МОНГОЛД НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАРИЛАА Ч “ДАЧИН ТАМСАГ”-ААС
ЮАНИАР ТҮҮХИЙ ЭД ХУДАЛДАЖ АВНА-

-Дотоодын компаниуд Засгийн газрыг 260 тэрбумын татаас өгөхгүй бол үнэ нэмлээ гэдэг бойкот хийж байгаа юм биш үү?

-Үнийг ингэж өсгөж байгааг хувьдаа таашаахгүй байна. Яагаад гэвэл нэг баррель түүхийн нефтийн үнэ 110 ам.доллар байхад шатахууны үнэ одоогийнхоос бага байсан. Өнөөдөр 70 хүрэхгүй ам.доллар байхад үнээ өсгөж байгаа нь нефть импортлогч компаниудын ашиг сонирхол байна л гэж харж байгаа. Өнөөдөр Монголын нутаг дэвсгэр дээр олборлож байгаа түүхий нефтийн хэмжээ сая гаруй тонн байгаа. Уг нь энэ хэмжээ чинь Монголын дотоодынхоо бензин шатахууны хэрэгцээг хангачих боломжтой юм. Гэтэл нефть боловсруулах үйлдвэр гэж олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл бүтэхгүй байна. Гэхдээ барилаа ч гэсэн манайд ашиггүй. Хэдийгээр манай улсын нутаг дэвсгэр дээр олборлож байгаа ч гэсэн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Хятадын “Дачин тамсаг” компаниас маш бага хувийг буюу 30 орчим хувийг л Монголын тал эзэмшдэг юм. Үлдсэн 70-75 хувь нь Хятадын эзэмшлийнх гэсэн үг. Тэгэхээр бид нефть боловсруулах үйлдвэр барилаа ч түүхий эд нь Хятадын “Дачин Тамсаг” компанийнх учир юань төлж худалдаж авна л гэсэн үг шүү дээ.

-Та тэгэхээр нефть боловсруулах үйлдвэр барих шаардлагагүй гэж хэлэх гээд байна уу?

-Нефть боловсруулах үйлдвэрийн хувь заяа их бүрхэг байгаа. Барилаа ч гэсэн 75 хувийг нь Дачин Дамсагт өгчихөөд эргүүлээд худалдаж авахдаа ам.доллар, юаниар л худалдаж авна шүү дээ. Дорнодод байгаа нефть бол Монголын нефть биш Хятадын нефть. Уг нь бол дэлхийн улс орнуудын жишээг харахад эзэн орон 50 орчим хувийг нь  эзэмшдэг. Гэтэл Монгол өнөөдөр нефтийнхээ 24-30 хувийг л эзэмшиж байна.

-Энэ тэгээд хэдий хүртэл үргэлжлэх гэрээ юм бэ. Тогтвортой байдлын гэрээ гэсэн үг үү?

Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Тогтвортой байдлын гэрээ биш. Өөрчлөх ёстой л доо. Гэтэл өөрчлөх битгий хэл роялти байхгүй талбай дээр авах гэхээр Хятадын тал дургүйцлээ, авч чадахгүй байна гээд байгаа шүү дээ. Энэ гэрээ нь 2031 он хүртэл үргэлжилнэ. Уг нь авах боломжтой. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх боломжтой гэж би харж байгаа. Анхнаасаа 1991 онд Газрын тосны тухай хууль гэж товчхон хууль гарсан байдаг юм билээ. 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн нь манай улсад ашиггүй гэрээ болсон. Тэгэхээр энэ гэрээг өөрчлөх ёстой юм. Өртэй хүнийг дөрлөнө гэгчээр “Танайд ийм зээл өгч байна. Энэ татвараа нэмж болохгүй” гэж Хятадын талаас тулгадаг ч юм билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол Тогтвортой байдлын гэрээ биш учир өөрчлөх хэрэгтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын зүрх зориг л хүрч чадахгүй байна л даа. Индонез улс бол Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар орон. Энэ улс гэрээндээ хөрөнгө оруулагч нартай хийсэн гэрээндээ гурван удаа өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ 71.1 хувийг улсдаа эзэмшүүлсэн байгаа юм. Гэтэл бид эсрэгээрээ байгаа биз.

-Энэ сарын 25-нд Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөлтэй уулзана. Иргэдэд шууд нөлөөлж байгаа 2-3 төрлийн татварын асуудлыг эргэж харна гэсэн. Та татвар нэмэгдсэн асуудлыг хэрхэн харж байна вэ?

Татвар нэмж байгаа асуудалд би таатай хандахгүй байгаа. Монгол Улсын мөнгөний бодлогыг ОУВС гэдэг нөхөр л мэддэг болж байна шүү дээ. ОУВС тэгж шаардсан, хориглосон гэх юм. Тэр битгий хэл Монголын банкаар Оюутолгойн мөнгийг дамжуулахыг ОУВС хориглож байна гээд УИХ-ын тогтоолыг 20 хоногийн дараа болиулж байх жишээтэй. Тэгэхээр энэ улсын эзэн ОУВС болчихоод байна гэж хэлэхэд хилсдэхгүй. ОУВС хэзээ ч баялагтай орны ашигт малтмалын татварыг нэмдэггүй юм. Дандаа хэрэглээний татварыг, ард түмний нуруун дээр ирэх татварыг л нэм гэдэг юм. Тэрнээс бага хүүтэй өгч байгаа зээлийг нь аваад их айхтар хөгжчихсөн орон би л хувьдаа дуулаагүй.

Ц.ТАМИР

Хариулт үлдээх

Your email address will not be published.