АНУ монголчуудад ажлын виз олгохоор болжээ
2018 оны 1 сарын 19

Өчигдөр АНУ-ын Дотоод Хэргийн Департмент тус улсад H-2A, H-2B визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэн танилцуулжээ.

Эдгээр виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог юм. Тухайлбал H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай бол H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг.

Вашингтон энэ удаа 82 орныг H-2A виз авах эрхтэй, 81 орныг H-2B виз авах эрхтэй орноор зарлажээ. Жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ.

Аль аль визийг иргэд нь авах эрхтэй оронд анх удаа Монгол улс багтсан байна. Өмнө нь Монгол улс “risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд багтдаг байжээ. Мэдэгдэлд Монголын засгийн газар визний зөрчилтэй иргэдээ хүлээж авахад АНУ-тай хамтран ажилладаг болж, ахиц гаргах болсон тул ийнхүү зөвшөөрөгдсөн орнуудын жагсаалтад багтсаныг тайлбарласан байна.

Харин иргэд нь байнгын зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлддэг Хайти, Белиз, Самоа улсуудыг жагсаалтаас хассанаа зарлажээ.

Эх сурвалж: NBCnews

Хариулт үлдээх

Your email address will not be published.