С.Батболд: Хотын захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэнэ
2018 оны 1 сарын 18

1fba1bbdc375c9265298c1c82d6c68327454c956

Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Гантөмөр болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  “Хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлээд яг нэг жил зургаан сар болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид санхүүгийн хүндхэн нөхцөлд чамгүй ажил хийхийн төлөө чармайн ажиллалаа. Эдийн засаг санхүүгийн  хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессын гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байгаа” хэмээн уулзалтын эхэнд онцоллоо.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад  онцгойлон анхаарч, яндангийн тоог бууруулах. Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих ажлыг эхлүүлжээ.  Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээл авсан иргэдийн судалгаагаар орон сууцанд амьдардаг иргэд голцуу байрны нөхцөлөө сайжруулж авсан байдаг. Гэр хороололд амьдардаг иргэд зээлд хамрагдсан ч яндангаа буулгадаггүйг судалгаагаар тогтоосон. Тиймээс яндан буулгаж, орон сууцанд орж, газар зөв чөлөөлөх менежмент хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн орон сууцанд орж, газраа чөлөөлсөн байна.

Агаарын бохирдлыг арилгахад алдаг оног санхүүжилтээр биш нэг мөсөн зориглож хэрэгжүүлэх ажил чухал байна. Тиймээс Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ. Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ. Яармагийн дэнжийг блоклож буюу авто зам, дэд бүтцийн нарийн төлөвлөлтөөр хөгжүүлнэ. Мөн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуу хотын захиргааг нүүлгэснээр хөгжлийн шинэ концепци гарч, их дээд сургууль болон төрийн яамдыг ч нүүлгэх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Яармагийн дэнжид дэд бүтцийн суурь нь хийгдсэн учраас” энэ ажил  мөрөөдөл биш биелэл болно” гэдгийг хотын дарга онцлон хэллээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.