“Роснефть” буяны байгууллага биш бизнесийн байгууллага
2018 оны 1 сарын 22

nnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnЭдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Шатахууны үнэ, эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр өнөөдөр /2018.01.20/  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат нар оролцож,  бензин шатахууны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй

-Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг. Ингэхдээ тус улсын Роснефть компаниас авчирдаг. Нийт газрын тосны 80-90 хувийг уул уурхайн компаниуд худалдан авдаг. Нефтийн бүтээгдэхүүнийг ангилж, үнэ тогтоож болно. Уул уурхай, эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа шатахууны үнэ ижил төвшинд байдаг. Хэрэв ангилаад зохицуулалт хийвэл үнийг хоёр өөрөөр тогтоох боломжтой. Энэ тохиолдолд зорилтот бүлгийн нефтийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдэнэ.

ААН-үүд шатахуунаа ам.доллараар авч, энд авчраад төгрөгөөр борлуулдаг тул шатахуун импортлогчид литр тутамд 100-200 төгрөгийн алдагдал хүлээж байна.

Дэлхийн зах зээлд өнгөрсөн оноос нефтийн үнэ өссөн, мөн Засгийн газар 2017 онд хоёр удаа шатахуунд ногдуулдаг Онцгой албан татварыг өсгөсөн зэргээс шалтгаалж, нефть импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүйд хүрсэн.

Одоогоор нөхцөл байдал амаргүй ч нийтлэг эрх ашгаа харвал Засгийн газар Олон улсын валютын сангийнхантай ярилцаж, татваруудаа буулгах арга хэмжээг авч болно. Чадахгүй бол Засгийн газар нефтийн үнийг чөлөөтэй тавьж өгөх ёстой гэв.

УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат:  “Росенфть”-ийн салбарыг нээсэн ч шатахууны үнэ буурахгүй

-Амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүссэн нь нэг талаас томоохон аж ахуй нэгжүүд ачааллаа дийлээгүйтэй холбоотой. Зарим түгээх станцууд хаалгаа барьсан. Түүнчлэн., Зөрчлийн тухай хуульд өдрийн цагаар шатахуун тээвэрлэхэд торгуулах гэсэн утгатай заалт багтсан нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн байх талтай.

Шатахууны үнийн зөвлөл нэгдүгээр сарын 18-нд хуралдаж дараах зөвлөмжийг гаргасан. Нэгдүгээрт, өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх. Харин А-95, 98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй. Хоёрдугаарт, хэрэглэгчид дарамт багатай байдлаар шатахууны үнийг чөлөөт эдийн засгийн нөхцөлд шилжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, Зөрчлийн хуулийг эргэн харах, энэ хуульд өөрчлөлт оруулах талаар анхаарах хэрэгтэй гэв.

Хэлэлцүүлгийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

-ОХУ-ын “Роснефть” компанийн салбарыг Монголд нээвэл нефтийн үнэ буурна гэсэн мэдээллийг цахим ертөнцөөр хүчтэй тарааж байна.  “Роснефть” компанийн салбарыг нээвэл нефтийн үнэ буурах боломжтой юу?

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат:

“Роснефть” буяны байгууллага биш бизнесийн байгууллага. Салбараа нээлээ ч нефтийн үнэ нь зах зээлийн үнээрээ л орж ирнэ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээний дагуу татваруудаа төлнө. Тээвэрлэлтийн зардал нь импортлогч компаниудын гаргадаг зардлын нэгэн адил л гарна. Борлуулалтын үйл ажиллагааны үеэр гардаг зардлаа мөн л гаргана. Тийм учраас үнийг буулгах арга механизм нь зөвхөн “Роснефть” гэж харах нь учир дутагдалтай” гэлээ.

– Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефтийн үнээ дур мэдэн нэмсэн импортлогч компаниудад торгууль ногдуулсан болохоо зарласан бол “Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болсон талаарх саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлээд байгаа. Энэ асуудалд салбарын яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх албан тоот ирүүлсэн. Хэрвээ ийм арга хэмжээ авбал  нефтийн хомсдол улам үүснэ. “Магнай трейд” нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг. Зөрчлийн тухай хуулиар нефть импортлогч компани нь өдрийн цагаар тээвэрлэлт хийх нь хууль зөрчинө. Гэтэл зөвхөн “Магнай трейд” гэхгүй бусад компанийн хувьд ч өдрийн цагаар нефтийн хангалт хийх боломжгүй болж, шөнө хүртэл хүлээх шаардлагатай болж, тэр хооронд зарим станцынх нь дизель түлш, авто бензин дууссан зэрэг хангалттай холбоотой асуудал үүссэн. Харгалзаж үзэх шалтгаанууд бий. Тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг сайд судална. Борлуулалтынх нь зардал зэрэг дээр тооцоо хийнэ. Тооцоо судалгааны дараа шийдвэр тодорхой болно гэлээ.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.