Ц.Мөнхнасан: Булга, минж биш үндэсний хувцасаараа гангарсан
2018 оны 2 сарын 13

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас өвөлжилт болон цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Архангай аймгийн өвөлжилтийн байдал ямар байна вэ?

-Манай аймагт өвөлжилт нэлээд хүндэрч, 14 сум зудын байдалтай өвөлжиж байна. Гол нь өнгөрсөн жилийн зуслан, намаржаа тааруухан байсан. Тэр хэмжээгээр газрын гарц муутай, нийт нутаг бараан байсан учир ургасан өвс нь хугараад, бэлчээрийн даац хэтэрсэн. Иймд орон нутаг өөрийнхөө хэмжээнд арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Бид 380 тонн өвсийг хөнгөлөлттэй үнээр сумд нийлүүлсэн. Аймгийн нөөц өвсний хэмжээ нэлээд барагдаж байна. Тэжээлийн хувьд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр авч байгаа.

-Аймгуудын өрсөлдөх чадвараар Архангай аймаг нэлээд хойгуур жагссан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ үнэн үү?

-Өрсөлдөх чадвараар Говь-Алтай, манай хоёр сүүлд орсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар Говь-Алтайн төлөөлөл МҮХАҮТ-ын төлөөлөлтэй уулзсан байна лээ. Нарийндаа бол 2015, 2016 оны үзүүлэлтийг 2017 оны үзүүлэлт гээд тавьчихсан байсан. Асуулт дотор нь ядууралтай холбоотой нэг ч асуулт ороогүй байхад ядуурлын түвшин доогуур гээд зарлачихсан байгаа юм. Дээр нь маш олон асуудлыг өөрсдөө бөглөөд, судалгаа гаргачихсан гэдгийг уулзсан хүмүүс нь хэлсэн. Магадгүй янз бүрийн захиалгатай явуулга байж мэдэх юм.

-ИТХ-ын дарга та хоёрын өмссөн хувцас олны анхаарлыг нэлээд татлаа, шүүмжлэл ч дагууллаа. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

-Бид цас, мөсний баяраа брэнд болгох зорилгоор ажиллаж байна. Энэ жилийн цасны баяр өмнөх жилийнхээс илүү өргөн цар хүрээнд болсон, олон хүн ч оролцсон. Дээр нь бид үндэсний дээл хувцастай оролцдог, өвлийн брэнд арга хэмжээ юм. Энэ арга хэмжээнд хүн бүр л гоё хувцас өмсөж очдог. Чонын арьс зах зээлд үнэгүй байдаг. Тэр арьсыг би хүнээр элдүүлж, эсгүүлээд хүрэм хийгээд өмчихсөн. Цасны баярын үдээс хойш нэлээн хүйтэн байсан учраас чонон тахаа өмсчихсөн юм. Бидний ард зогсож байсан хүмүүс бол спортын арга хэмжээ зохион байгуулагчид учраас нэг ижил хувцасаар жигдэрсэн юм. Би ямар булга, минж өссөн биш. Үнэгүй олсон чонын арьсыг хүнээр элдүүлж, эсгүүлээд сайхан хувцас хийгээд өмссөн. Үүнээс болж сайн муугаараа зөндөө дуудууллаа. Гэхдээ яах вэ, төлөвлөсөн ажлаа үр дүнд хүргэхийн төлөө ажиллана. Үр дүн гарсны дараа хүмүүс сайн мууг нь дүгнэх биз.

Хариулт үлдээх

Your email address will not be published.