Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна
2018 оны 1 сарын 31

niislel

Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулан томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явуулжээ.

Хяналт шалгалтад хамрагдсан газруудад ажлын байр, үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн горимын мөрдөлт, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, үйлдвэрлэлд хэрэглэж буй болон худалдаалж байгаа түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодлын баталгаажилт, гарал үүсэл, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, шошго, хадгалалт, тээвэрлэлтийн байдал, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт, татан авалтын бүртгэл, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий зургаан албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу таван аж ахуйн нэгж байгууллагад 4500.0 мянган төгрөгийн, нэг албан тушаалтанд 300.0 мянган төгрөгийн, 13 иргэнд 1800.0 мянган төгрөгийн буюу нийт 19 газарт 6600 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, стандартыг мөрдөж үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, иргэдэд хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэх талаар зөвлөмжийг хүргүүлж ажилласан байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.