49 хувийн хувьцаа ба 51 хувийн өр
2018 оны 2 сарын 5

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Уг зээлээ төлөөгүйн улмаас “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрийг Лондоны Арбитрын шүүхэд өгч, шүүх хуралдаан дөрвөн удаа болоход эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Давж заалдах шатны гурван удаагийн шүүх хуралдаанд “Стандарт” банк ялжээ. Ингэхдээ Арбитраас “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулсан байна. Лондоны арбитр уг маргааны талаархи хамгийн сүүлийн шийдвэрээ оны өмнө гаргасан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр дээрх 51 сая ам.доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэжээ. Энгийнээр хэлбэл “Өмнөх гурван удаагийн давж заалдах хуралд ялагдсан учир 51 сая ам.доллараа урьдчилан байршуулахгүй бол та давж заалдах эрхгүй ээ”  гэсэн байна.

Харин “Стандарт” банк дээрх 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгох шийдвэр гаргав. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд нийтдээ 99 сая ам.доллар төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авчээ.  Харин энэ өдөр Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаагаар эзэмшүүлнэ гэж зарласныг сана!!!

Олон улсын арбитр дээрх 44 сая ам.долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган ам.долларын хүү төлөх шийдвэр гаргажээ. Төгрөгөөр тооцвол сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн төлнө гэсэн үг. Зөвхөн хүүгийн төлбөр шүү дээ. Цаана нь үндсэн зээл болох 51 сая ам.долларын өр хүлээж байгаа.

Олон улсын Арбитраас ирүүлсэн хоёр дахь шийдвэр өмнөхөөсөө илүү ноцтой. Өмнөх хоёр удаагийн арбитрийн шүүхийн шийдвэрийг “Эрдэнэт” үйлдвэр биелүүлээгүйгээс “Стандарт” банк дахин гомдол гаргаж, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө гаргажээ. Лондоны Арбитр 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, “Стандарт” банкны уг хүсэлтийг хангасан тухай шийдвэрээ “Эрдэнэт” үйлдвэр ХХК-нд ирүүлсэн гэх боловч Монголын Засгийн газар энэ тухай ам нээгээгүй. Ам нээгээгүй шалтгаан нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахад байсан юм биш биз?

Б.ЗАЯА

Хариулт үлдээх

Your email address will not be published.