Засгийн газрын 100 хоног тохиож, ХАОАТ нэг шатлалтай болж буурав
2018 оны 2 сарын 3

Өвлийн адаг сар дундарч таван  ес эхэлсэн ч “тавьсан будаа хөлдсөн” хэвээрээ  долоо хоног үргэлжилж байна. Улирч буй долоо хоногт улстөр донсолж, сөрөг хүчин гудамжинд гарч хаврын синдромыг эхлүүлэв.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног даваа гарагт тохиож, энэ үеэр  иргэддээ дуулгасан сайн мэдээ хүн амын орлогын албан татварыг нэг шатлалд оруулж 10 хувь болгож буцаах, тэтгэврийн насыг жилд 6 сараар бус 3 сараар нэмж, тухайн хүн хүсвэл эр 60, эм 55 наснаас тэтгэвэртээ гарах эрхийг нь нээлттэй үлдээсэн тухай байв.

Засгийн газрын тэргүүн 100 хоногоороо онцлох 30 ажлаа танилцуулсан. Тухайлбал, тулгамдаж буй гадаад өрийг бонд гаргаж төлсөн, Монголыг Европын холбооны хар жагсаалтаас гаргасан, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдэл, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авсан гэхчлэн.  Онцолж буй 30 ажлаас Сайншандад баригдах нефть боловсруулах үйлдвэрт илүү ач холбогдол өгч буй. Энэ үйлдвэр баригдвал Монгол улс шатахууны хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах төдийгүй үүнийг дагалдан химийн аж үйлдвэр хөгжих эх суурь тавигдана. Нефть боловсруулах үйлдвэрийг дагалдан нийтдээ 30 жижиг дунд үйлдвэр  баригдахаар тооцоолжээ.

Засгийн газар мягмар гарагт ээлжит бусаар хуралдаж  хүн амын орлогын албан татварыг бууруулж нэг шатлалтай болгох, тэтгэврийн настай холбоотой өөрчлөлтүүдийг хэлэлцэж, хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.  Парламент энэ хуулийг хэлэлцэж, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаараа ХАОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.  Ингэснээр ХАОАТ хуучин янзаар үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын илүү төлөлтийг иргэдэд буцаан өгөхөөр болж байна.

Ирэх сарын эхээр УИХ-ын намрын чуулган өндөрлөх учиртай.  Тийм болохоор парламентын хэлэлцэх асуудал олон, ачаалал ихтэй байв. Ерөнхий сайд БНСУ-д хийсэн айлчлалын үеэрээ тус улсаас 500 сая ам долларын зээл авахаар тохиролцсон. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн малчидтай (2018.01.31) уулзаж, үзэж сонирхохын зэрэгцээ малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо.Тэрбээр энэ үеэрээ иргэдээ цагаан идээг түлхүү хэрэглэх, энэ талын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг уриалав.

Улирч буй 7 хоногт Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиов. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, тус намын гишүүд, дэмжигчид болон жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.  Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг баталлаа. Энэ бол МАН-ын сонгуулийн амлалтын нэг хэсэг юм. Мөн хуралдаанаар Монгол улсын сайн малчнаар 75 хүнийг тодруулав.

Спортын амьдралд  болсон томоохон үйл явдал гэвэл БНСУ-ын Пёнчон хотноо болох өвлийн олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэх ёслол  эн сарын 1-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо. Манай улсаас гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцох бөгөөд багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллахаар болжээ. Энэ олимпод 92 орны 3000 гаруй тамирчин долоон спортын 15 төрлөөр өрсөлдөнө.

Товчхон

-Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан Улсын онцгой комиссынхон баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн байдалтай танилцаж, шуурхай арга хэмжээ авч байна.

-Уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр, хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Export Mongolia-2018” форум өнөөдөр Corporate hotel event hall-д болов.

-НӨАТ-ын 2017 оны буцаан олголт  хийгдэж, иргэдийн дансанд орж эхэллээ.

-Монголбанк нэгдүгээр сард 1.128 кг алт худалдан авчээ.

-Нэгдүгээр сарын 31-нд “цэнхэр” сар, “супер” сар, сарны бүтэн хиртэлт гэсэн гурван үзэгдэл нэг дор давхцав. Сүүлд 152 жилийн өмнө буюу 1866 онд ийнхүү эдгээр гурван үзэгдэл давхцаж байжээ. Сарны энэ супер хиртэлт Монгол орны нутаг дэвсгэрээс маш тод ажиглагдсан ч Улаанбаатар орчмоор үүлтэй байлаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.