Х.Алтай: Давхар бүртгэлтэй анхны компани удахгүй биржид гарна
2018 оны 2 сарын 16

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржийн Топ 20 индекс, зах зээлийн нийт үнэлгээ ихээхэн өссөн. Үүнд юу нөлөөлсөн бэ?
-Монголын хөрөнгийн биржийн индекс 2017 онд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн. Ер нь хөрөнгийн зах зээлийн хувьд амжилттай жил болсон. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. “ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголын санхүүгийн сахилга бат сайжирсан. Үүнтэй холбоотойгоор Монголыг сонирхох хөрөнгө оруулагчид нэмэгдэж буй нь хөрөнгийн зах зээлд ч эергээр нөлөөлж байна” гэсэн утгатай нийтлэл “Bloomberg”-ийн цахим хуудсанд 2017 оны эцсээр гарсан байна лээ. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд онцлох хэд хэдэн үйл явдал болсон.

Монголын хөрөнгийн биржийн индекс 2017 онд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн

Тухайлбал, дэлхийд алдартай “Heineken” брэнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй АПУ компанийн хувьцаа эзэмшигч болж, дотоодын томоохон үйлдвэрлэгч “Спирт бал бурам”-тай нэгдсэн. Ингэснээр нэг их наяд төгрөгт дөхөж очих үнэлгээтэй компани бий болсон. Энэ бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид олон улсын томоохон компани хувьцаа эзэмшсэн анхны тохиолдол.

Мөн “Сүү” компани бонд амжилттай гаргалаа. “АйТүүлс” компани IPO хийсэн. Аль алиных нь захиалга нийлүүлэлтээсээ давсан. Мөн өнгөрсөн онд Монголын хөрөнгийн зах зээлээр дамжуулж өмнө нь байгаагүй хэмжээний Засгийн газрын бондын арилжаа хийгдсэн.

Энэ бол өгөөж нь баталгаатай, эрсдэлгүй бүтээгдэхүүн. Иймээс дотоодын хөрөнгө оруулагчдын дунд (жижиглэнгээр) Засгийн газрын бондын эрэлт маш их байлаа. Иргэд үүгээр дамжуулж хөрөнгийн зах зээлийн тухай илүү ойлголттой болж байгаа. Улмаар зөвхөн бонд ч биш, банкны хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжтэй өөр бүтээгдэхүүн сонирхож эхэлдэг юм байна. Манай захыг дэлгүүртэй зүйрлэвэл өмнө нь хүн орж ирдэггүй байсан бол одоо лангуун дээр ямар шинэ бүтээгдэхүүн байна гэж сонирхдог болсон.

-Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүнгийн дийлэнхийг Засгийн газрын үнэт цаас бүрдүүлж байна. Сангийн сайд өндөр хүүтэй ЗГҮЦ-ыг арилжихаа больё гэж мэдэгдсэн. Тэгэхээр арилжааны хэмжээ буурах нь, тийм үү?
-Сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн нийлүүлэлт хийгдээгүй. Засгийн газрын бондыг хоёр аргаар гаргадаг. Нэг нь Төвбанкаар дамжуулж банк хоорондын платформоор, нөгөөх нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагч болон жижиглэнгээр худалдан авагчдад нийлүүлдэг. Банк хоорондын платформын оролцогч нь арилжааны банкууд байдаг. Харин биржээр хийх арилжаанд брокерын компаниар дамжуулж хэн ч оролцож болдог.

Хөрөнгийн биржээр дамжуулан хийх Засгийн газрын бондын нийлүүлэлтийг цаашид үргэлжлүүлээч гэдэг хүсэлтээ Сангийн яаманд удаа дараа илэрхийлсэн. Оролцогчийн тоо олон учраас өрсөлдөөний зарчмаар хүү нь буурах боломжтой. Нөгөөтэйгүүр, төгрөгийн ханшийн хэлбэлзэл тогтворжих төлөвтэй байгаагийн хэрээр гадаадын хөрөнгө оруулагчид манай зах зээлийг сонирхох нь нэмэгдэж байна. Саяхан олон улсын нэр хүндтэй банк Монголын томоохон банктай сабкастодион гэрээ байгуулж, эхний ээлжинд Засгийн газрын бондод хөрөнгө оруулах санал тавьсан байна лээ. Энэ нь ч бас Монголын хөрөнгийн зах зээлд дэлхийн томоохон санхүүгийн байгууллага орж ирж байгаа анхны тохиолдол юм.

-Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг зарим хүн хөөс гэж хэлж байсан. Энэ талаар юу гэх вэ?
-Хөөс гэж харахгүй байна. Манай хөрөнгийн зах зээл маш их потенциалтай. Өнгөрсөн он бол түүнийгээ ашиглах анхны алхмуудыг хийсэн жил байсан.

-Хэзээ шинэ бүтээгдэхүүн гаргах вэ. “ЛэндМН”, “Монгол базальт” компани IPO хийх хүлээлт бий.
-Хөрөнгийн зах бол төсөлтэй хүнийг мөнгөтэй хүмүүстэй холбодог дэд бүтэц. Хэд хэдэн компанийн IPO хийхээр ажиллаж байна. Биржийн хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу шинээр гаргах үнэт цаасны бичиг баримтын хяналтыг хугацаанд нь хийж, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) руу илгээдэг. Дээрх компаниудын материалыг тэр жишгийн дагуу хянаад, СЗХ-нд хүргүүлсэн. Тэд хуулийн дагуу арилжаа эхлэх зөвшөөрөл олгодог. Үүнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээл гэхээр зөвхөн бирж байдаг гэж ойлгодог.

Начир дээрээ биржээс гадна СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны төлбөр тооцоо, хадгаламжийн, зуучлах гээд маш олон байгууллагатай бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжил эдгээрийн үйл ажиллагааны уялдаанаас шууд хамаардаг. Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн. Энэ тоо нэмэгдэх ёстой, нэмэгдэх ч боломжтой. Гагцхүү үнэт цаасаа гаргах явцыг нь чирэгдэлгүй, уян хатан болгох шаардлагатай. Өнөөдөр Монголд банкны зээлийн хүү өндөр байгаа учраас компаниуд санхүүжилтийн өөр эх үүсвэр хайдаг.

Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах явц нь банкнаас зээл авахыг бодвол өртгийн хувьд хамаагүй хямд

Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах явц нь банкнаас зээл авахыг бодвол өртгийн хувьд хамаагүй хямд. Гэвч хугацаа алдаж, удаашрах хандлагатай байдаг учраас компаниуд халширдаг. Жишээлбэл, барьцаа хөрөнгө нь бүрдчихвэл банкнаас зээл авах явц арай хурдан. Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах явц заримдаа хэдэн сар, жилээр сунжрах тохиолдол байдаг.

Манай захаас төсөл тус бүр 5-30 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох багтаамжтай гэж харж байгаа. Хөрөнгийн зах зээлийг хямд өртгөөр хөрөнгийн эх үүсвэр татдаг, ойлгомжтой механизм болгох бүрэн боломжтой. Давхар хяналт шалгалт, цаг хугацаа алддагийг л болиулах шаардлагатай байна.

-Монголын бизнесийн зөвлөлийн уулзалтын үеэр Та энэ, эсвэл хоёрдугаар улиралд багтаан давхар бүртгэл хийх боломжтой тухай ярьсан. Үүнийг хийснээр ямар өөрчлөлт гарах вэ?
-Давхар бүртгүүлэх компанийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани манай биржид хувьцаагаа давхар арилжихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Давхар бүртгэлтэй анхны компани удахгүй биржид гарна. Ер нь давхар бүртгэл хийх талаар олон жил ярилаа шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид гаргана гэж ярьж байсан.

Өнөөдрийг хүртэл ажил болоогүй л байна. Монголд төсөл хэрэгжүүлдэг цөөнгүй компани сүүлийн 15 жилд Лондон, Нью-Йорк, Торонто, Австрали, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан. Монголын Засгийн газар, компаниуд ч олон улсын зах зээлд бонд гаргалаа. Гэтэл дотоодын зах зээл тэдгээр биржтэй огт холбоогүй хэвээр байна. Эрх зүйн зохицуулалттай болсон ч холбогдох журмуудыг гаргаагүй байсан. Тэдгээрийг саяхан гаргаснаар манайд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй, гадаадын биржид бүртгэлтэй компаниуд Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих нөхцөл бүрдэж байна.

Иргэд тэдгээр компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээс худалдаж аваад, түүгээрээ дамжуулан тухайн ордын ашиг шимийг хүртэх боломж нээгдэнэ гэсэн үг. Энэ бол маш чухал. Хоёрдугаарт, мэдээж хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болно. Ялангуяа дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх нь дамжиггүй. Ер нь энэ бол Монголын хөрөнгийн зах зээлд хувьсгалын чанартай том үйл явдал болно гэж харж байна. Манай улсад төсөл хэрэгжүүлдэг, гадаадын биржид хувьцаагаа арилжсан 30-аад компани бий. Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны бүртгэлийн журамд давхар бүртгэлийн зохицуулалтыг тусгаж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахаар хүргүүлээд байна.

-Давхар бүртгэлээс гадна өөр ямар ажил хийх шаардлагатай байна вэ?
-FTSE-ийн “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтмаар байна. Манайх 2012 онд Лондоны хөрөнгийн биржийн “Миллениум АйТи” систем нэвтрүүлэхтэй зэрэгцээд Т+2, Т+3 системийн эхний элементүүдийг нэвтрүүлж “ажиглалтын жагсаалт”-д багтсан ч өнгөрсөн жил хасагдчихсан.

Энэ нь төлбөр тооцооны системээ цэгцэлж чадахгүй байгаатай холбоотой. Т+2, Т+3 систем (дараа төлбөрт) нэвтрүүлж чадахгүй байна. Харамсалтай нь, энэ бол зөвхөн Монголын хөрөнгийн биржийн хийх гэхээс илүүтэйгээр СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагын уялдааг хангаснаар биеллээ олох ажил юм. Төлбөр тооцоог хөрөнгө оруулагчдад тодорхой болгочихвол нэг ёсондоо манай хөрөнгийн зах зээлийн зээлжих зэрэглэл ахина гэсэн үг.

Төлбөр тооцооны систем олон улсын стандартад нийцвэл түүнийг дагаад “BlackRock”, Норвегийн газрын тосны зэрэг томоохон сан манай зах зээлд хөрөнгө оруулах боломж бүрдэх юм. Ингэснээр арилжааны хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Гэтэл бид таван жилийн хугацаанд юу ч хийгээгүй учраас “ажиглалтын жагсаалт”-аас хасагдсан. Энэ нь хөрөнгийн зах маань жижигхэн хэрнээ данхар бүтэцтэй байгаатай холбоотой гэж үзэж байна. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлд дотоодын институциональ хөрөнгө оруулагчид, хувийн тэтгэврийн сангуудыг нэн яаралтай нэвтрүүлмээр байна. Аливаа хөрөнгийн зах зээлд тэтгэврийн сангууд хамгийн томоохон хөрөнгө оруулагч байдаг.

Монголын хөрөнгийн биржийн индекс хэдэн компаниас хамааралтай, ихээхэн савлагаатай байдаг

-Монголын хөрөнгийн бирж Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журмыг шинэчлэн найруулснаа батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа. Үүнийг батламжилснаар ямар давуу тал, өөрчлөлт бий болох вэ?
-Үүнд гадаадын сангууд, хөрөнгийн зах зээлд оролцогчдын саналыг тусгасан л даа. Монголын хөрөнгийн биржийн индекс хэдэн компаниас хамааралтай, ихээхэн савлагаатай байдаг. Топ 20, I болон II ангиллын индексийг тус тус тооцохоор тусгасан.

MSE ALL индек-сийн тооцооллыг зогсоож байгаа. Учир нь тус индекст багтдаг 200 орчим компанийн дийлэнхийнх нь хувьцаа “хөдөлдөггүй”. Үүнээс болж заримдаа Топ 20, MSE ALL индекс урвуу гарах тохиолдол байдаг. Ер нь илүү бодитой тооцоолол гарна.

-Компаниуд тайлангаа хангалттай ирүүлдэггүй. Тэдэнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Компаниудын 50 орчим хувь нь тайлангаа ирүүлдэггүй. Бид жилд хоёр удаа үнэлгээ хийгээд хуулиа мөрдөөгүй компаниудыг жагсаалтаас хасах санал боловсруулж СЗХ-нд хүргүүлж байгаа. Гэхдээ нөгөө талаас манай хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар муу байгааг бас мартаж болохгүй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй байх нь зарим компанид ямар нэг ашиггүй байна шүү дээ. Хөрвөх чадвар өндөр, хөрөнгө татах боломж их байвал компаниуд үүргээ биелүүлэх нь тодорхой.

-Хөрөнгийн биржийг хувьчилна гэж олон жил ярилаа.
-Бирж хувьчлагдах ёстой. Энэ бол яаралтай хийх ажил. Олон улсад бирж хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын хөрөнгийн бирж л дэлхийн хамгийн сүүлчийн төрийн өмчит нь байх шиг байна. Банкны салбар 1996 онд хувьд шилжиж дууссан. Түүнээс хойш тус салбарын үйлчилгээний хүрээ, төрөл, санхүүгийн чадамж ихээхэн сайжирсан. Гэтэл манай хөрөнгийн зах зээл ямар хэмжээнд байгаа билээ.

-Монголын үнэт цаасны бирж байгуулагдсан. Хувийн биржтэй болсноор өрсөлдөөн нэмэгдэж байна уу?
-Үнэнийг хэлэхэд бодит өрсөлдөөн бий болсон зүйл алга. Гэхдээ ирээдүйд бий болохыг үгүйсгэхгүй.

Хариулт үлдээх

Your email address will not be published.