Энэтхэгээс авсан зээлийн хүү нь бодогдож эхэлжээ
2018 оны 2 сарын 8
Энэтхэгээс авсан зээлийн хүү нь бодогдож эхэлжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авсан билээ. Нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1,75 хувийн хүүтэй байх юм.

Уг хөрөнгөөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан ширээтэд газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар болсон билээ. Санхүүжилтийг үйлдвэрийн ажил эхлэхээр зориулалт зориулалтаар нь ЭКСИМ банкнаас шилжүүлэхээр хоёр улс тохиролцсон. Харин зээлийн хүү 2017 оны долдугаар сараас эхлэн 1,75 хувиар бодогдоод эхэлчихсэн гэх мэдээлэл байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих компанийг одоогоор сонгоогүй байгаа. Энэ талаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Ганболд “Энэтхэгт тендер зарлаж байгаа. Гэтэл Монголын хуулиар Монголд бас тендер зарлах ёстой болоод байгаа юм. Тэгэхээр хоёр улс нийлээд тендер зарлах уу, эсвэл Энэтхэг зарласан материалаа Монголд явуулах уу гэх зэргийг ЭКСИМ банктай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай” гэж мэдэгдсэн байдаг.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж хэлж байсан юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.