Ж.Мөнхбат: Улсаа, уулаа зардаг байдлыг таслан зогсоох ёстой
2018 оны 2 сарын 9
Ж.Мөнхбат: Улсаа, уулаа зардаг байдлыг таслан зогсоох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын  2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Энэ талаарх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгч, дараа нь гишүүдийн асуултад хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-2018 оны төсөв батлах үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Лицензийн наймааны шилжих хөдөлгөөн дээр татвар тавьж байгаа нь зөв ч геологи уул уурхайн цөмийг өөрчилсөн. Уул уурхайн салбарыг мөнгө гэдгээр харснаар хөрөнгө оруулалтыг үргээх чиглэл рүү явчих шиг. Бүх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулахаар байгаа.

Ирэх гурван сараас эхлээд хөрөнгө оруулалтын хурлууд болно. Бүгдээс нь шүүмжлэл сонсоно. Юм олох гэж байгаад орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа хумина.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Оюутолгой зэсийн орд газрыг “Айвенхоу майнз” компани “Рио тинто”-д зарсан. Үүнээс монголчууд нэг ч төгрөгийн татвар авч чадаагүй. Энэ төрлийн наймаа их явж байгаа, үүнийг л хаах зорилготой юм. Австралид өргөдлөөр талбай өгдөг жишиг байхгүй. Өргөдлөөр лицензээ өгдөг жишиг байхгүй. Тийм учраас уралдаант шалгаруулалт руу  нь л оруулъя.

2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэхүү татварын цоорхойг нөхсөн хууль гаргаснаараа эрх шилжүүлсний 30 хувиас бултдаг байсан бол одоо боломжгүй болсон.  Алийн болгон баялгаа татваргүй байлгах юм бэ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Улсаа зардаг, уул уулаар нь зардаг ийм юмнаас татвар авах нь зөв. Дэмжиж байгаа, өмнө нь хийх хэрэгтэй байсан.

Хүрэлбаатар сайд сая хэллээ, “Айвенхоу майнз” компани “Рио тинто”-д Оюутолгойн лицензийг зарсан, нэг ч төгрөг төлөөгүй гэлээ. Дубайн гэрээгээр ийм нөхцөл байдал бий болчихоод байгаа.

Ч.Хүрэлбаатар сайд аа, таны төрсөн хоёр ах Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий.  30 хувь гэдэг бол 7 тэрбум гаруй төгрөг. Ийм юмнууд энэ хуулийн өөрчлөлтөөр эргэж орж ирэх үү. Эх оронч дүр эсгэж худалддаг юмыг таслан зогсоох ёстой. Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр үүнийг дэмжинэ гэж бодож байна.

Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан.

Салбарын сайд нь байхгүй тул дэд сайд Д.Загджав хариулт өгөхийг хүсэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ж.Мөнхбат өмнө нь эсэргүүцэж байсныг одоо дэмжиж байгаад талархъя. Хотгор шанага гэдэг гүтгэлгээ зогсоо. Надад лиценз авсан, зарах наймаанд нь оролцсон тохиолдол байхгүй.

Төрийн өмчийг хувьчилж авсан нэг ширхэг ч хувьчлал байхгүй. Энэ талаар би БНСУ-д албан ёсоор хандсан. Та огцорсондоо дургүй чинь хүрээд байж магадгүй. Дургүй хүрсэн гээд хүн битгий гүтгээрэй. Энэ хуулийг батлах учиртай. Элдвээр гүтгэлээ гээд буцаж болохгүй. Ямарваа нэг арилжаа наймаа хийдэг бол татвараа авдаг байх ёстой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав:

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгож байгаа нь шударга боловч хөрөнгө оруулалтад эерэг биш. Хайгуулын тусгай зөвшөөрөл болгон эрдэс баялаг байна гэсэн үг биш.

2000 гаруй  хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гээд төсөвт 2 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлсэн байсан ч сонгон шалгаруулалт зарлаж шийдэх болсон учраас буцаан олголт хийгдээд явж байна.

“Айвенхоу майнз”, “Рио тинто” нэг л группын компани. Манайхан буруу ойлголттой байна. Хотгор шанагын талаар мэдээлэл алга.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хамгийн том хувьцаа эзэмшигч лиценз зарахад түүнээс татвар авна. 1, 2, 3 хувьтай хүмүүс хувьцаагаа зарахад татвар төлөхгүй.

Лицензийг хэн түрүүлж дугаарласан нь, хэн том биетэй нь,  дараа нь хэн түрүүлж кноп дарсан нь авч дараа нь зардаг байсныг болиулсан.  Одоо сонгон шалгаруулалт руу орж ирүүлж байгаа. 20 хэдэн жилд ажилласан аж ахуйн нэгжид боломж олгох ёстой.  Хэдий болтол зэрлэг капитализмын зарчмаар уул уурхайн баялгийг шийдэх юм бэ. Одоо бол нийт дүнгээс 30 хувийн татвар авна гэж байгаа. Зөрүү дээрээс нь татвар авах судалгаа хийгдэж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

– Лицензийн шилжилт хөдөлгөөнөөс татвар авах ёстой гэдэг дээр санал нэг байна. Цахим лицензийн луйвар газар авсан. Лицензийг зарсан нөхцөлд 30 хувийн татвар ногдуулна гэхээр банкууд санаа зовж яриад байна. Цаашдаа банк санхүү, геологидоо яаж нөлөөлөх вэ гэдгийг сайн судалгаатай тооцоотой хандах ёстой.

Уул уурхай, геологийн хайгуул гэдгээ ялгаж салгах нь чухал болов уу.  Хайгуул хийхэд маш өндөр өртөгтэй тоног төхөөрөмж ашигладаг.  Хаана юу байгаагаа мэдье гэж судалгаа хийх нөхцөлд наанатай цаанатай хандах шаардлага байна гэдгийг хүмүүс хэлж байгаа.

Нийт дүнгийн 30 хувиа эргэж харах нь зөв  Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар сөрөг үр дагавар дагуулсан.

23:20 2018-02-08

Хариулт үлдээх

Your email address will not be published.