А.Сонинбаяр: Зургийг яг ҮНЭН ЗУРЧИХВАЛ уйтгартай, бас дутуу ажил болдог
2018 оны 2 сарын 10

Бие даасан үзэсгэлэн:
•    2003 онд – “ МИНИЙ ЕРТӨНЦ”
•    2012 онд – “ТЭНГЭРИЙН ТААЛАЛ”
•  2018 онд – “IMPRESSION OF WATERCOLOR”. Үүнээс цааш хамтарсан болон оролцсон  2004 оноос эхлэн урт үргэлжлэх  аж.

 

 

Түүний үзэсгэлэнгийн тухай:

 

“Хүн төрөлхтнийг гоо сайхан аварна” гэж нэгэн цагт хэлсэн нь үнэн хэрэгтээ гоо сайхныг бүтээгч соёл урлагийг  хэлсэн гэж би ойлгодог.
БСШУСЯ-ны соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд
Усан будгийн баялаг арга ажиллагааг сайтар судлан эзэмшиж, байгалийн агаар, нар салхи, орон зайн мэдрэмж хийгээд модерн шийдлээр хүчтэй итгэлтэй илэрхийлж өөрийн гэсэн өвөрмөц онцлогоо олж чадна гэсэн найдвар төрүүлсэн зураач юм.
Урлагийн судлалын ухааны доктор С.Бадрал

 

Овог нэр: Амгаланбаатарын Сонинбаяр
Төгссөн сургууль: Дүрслэх урлагийн дээд сургууль
Мэргэжил: Зураач
Уран зураг таныхаар: Уран зураг бол миний амьдрал
Хэлэх дуртай үг: Зорилгынхоо төлөө тэмц. Юу ч болсон битгий бууж өг.

 

ESA:  –  Үзэсгэлэнг үзэхийн өмнөхөн “Дэлхийн сонгодгуудыг ихэвчлэн тосон будгаар бүтээж, үлдээсэн байдаг. Харин усан будгаар 17-р зууны Германы зураачид түлхүү зурж эхэлсэн” тухай нэгэнтээ уншсанаа саналаа. Бас усан будаг ур чадвар шаарддаг учраас нэгэн хэсэг Монголд орхигдсоныг нэгэн зураач ярьж байж билээ. Ийн бодсоор Сониогийн “IMPRESSION OF WATERCOLOR” үзэсгэлэн тийш явж орвол цав цагаахан танхимд, өнгө будаг хосолсон уран зургуудыг өлгөсөн байх аж.  Мэдээж өмнө нь олонтаа харсан дүр зураг. Гэхдээ яг тэр мөчид танхимд нэг ч хүнгүй байсан бөгөөд зураач залуу “Өөрийн ертөнц”-дөө зогсоодоо сэтгэл хангалуун байгаа нь илт. “Бүх зургаа дэлгээд нэг дороос харахаар нэг эргэцүүлэл төрдөг. Тэр тусмаа хүнгүй үед зурагнуудтайгаа “ярилцаж” зураачийн хувьд өөрийгөө харах боломж гарч байна” хэмээх түүнтэй ярилцсанаа хуваалцаж байна.

 
ESA: ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАНА ГЭДЭГ ЗУРААЧИЙН “АМТТАЙ ӨДРҮҮД”-ИЙГ НЭГ БАЙХ, ТИЙМ ЭЭ?

 

-Тэгэлгүй яахав, хамгийн жаргалтай үе байгаа юм. Үзэсгэлэнд орж ирсэн хэнийг ч миний зурсан зургууд хүрээлж, миний л энерги нөмөрдөг. Өөрөөр хэлбэл хэсэг хугацаанд миний ертөнцөөр аялдаг. Яг энэ ертөнцийг бүтээхийн тулд олон цагийг бийр будагтай, зургийн ширээний ард өнгөрөөсөн байгаа шүү дээ. Даарч хөрөхөөс эхлээд хүний амьдрал болсон сэтгэл өвдсөн өдрүүдэд ч энд багтана. Харин тэр бүгдийн дараа үзэсгэлэнгийнхээ танхимд сууж байх сайхан. Энэ удаад би үзэсгэлэнгээ эзэнгүй орхихыг хүсээгүй. Тиймээс өдөр бүр өглөө эртлэн ирж, намайг хүндэтгээд ирж байгаа хүмүүстэйгээ уулзаж ярилцан, шүүмж зөвлөгөө,  баяр хүргэсэн урмын үгсийг алдалгүй сонсохыг хичээлээ. Бас өдөр бүрийг сонирхолтой болгох үүднээс хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Тухайлбал, үзэсгэлэнгийн орон зай, энерги надад их гоё байгаа учраас өөрөө баатрын хувцас өмсөж ирээд зураачдаа уриад зуруулсан. Баатар бол миний сонирхол. Тийм учраас баатрын хувцастайгаар зургаа авч үлдэе гэж бодсон юм. Нөгөө талдаа орж ирсэн нөхөд маань “Сонио ямар гоё харагдаж байна вэ? Зурчихъя” гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн.  Хүмүүсийн сэтгэлд их хүрсэн шиг байна лээ. Харин дараагийн өдөр балетчид, Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийн оюутнуудад үзэсгэлэнгээ танилцуулж, өөрөө зураг зурж, зөвлөгөө өгөх гэхчилэн өдөр бүр үр дүнтэй үргэлжилсэн.

 

 

ESA: ҮЗЭСГЭЛЭНГИЙН УРД ӨДӨР ИХ ДОГДЛОВ УУ?

 

-Сандрал, догдлол зэрэгцээд тайван байх аргагүй байдаг юм.

 

 

ESA: ЭНЭ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭНД ХЭЧНЭЭН ЗУРАГ ТАВЬСАН БЭ?

 

– Энэ бол миний хоёр дахь бие даасан үзэсгэлэн байгаа юм. Үүнээс өмнө 2012 онд “ТЭНГЭРИЙН ТААЛАЛД” гэж усан будгийн үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Харин энэ удаад усан будгаар дагнасан, байгаль дээрх ажлуудаа  үзэсгэлэндээ багтаасан. Тухайн цагт бороотой бол бороотой, нартай бол нартай яг тэр агшинд төрсөн сэтгэгдлээ өөрийнхөөрөө буулгасан ажлууд байгаа юм. Өмнө хийсэн хэд хэдэн зураган дээрээ дахин боловсруулалт хийж, зурж үзлээ. Усан будаг бол  нэг л удаа буруу тавьчихвал завсарлах аргагүй онцлогтой, мэдрэг хүнд техниктэй л дээ. Тухайн зураачийн хүссэн зүйл зураг дээрээ тухайн агшиндаа үлддэг. Тийм болохоор дахин засаж чаддаггүй. Энд зурснаа дахин зурсан үгээр хэлэхэд хэцүү ч нэг тийм сонин мэдрэмж төрөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл Сонинбаярын өнгөрснийг сэргээхээр, өөрөө өөртэйгөө ярилцах боломж бас гараад байх шиг. Ямартаа ч их амттай байгаа.

 

ESA:  ХЭМЖЭЭНИЙ ХУВЬД АРАЙ ЖИЖИГ БИШ ҮҮ? /төөлөв/
-50см :11см-ийн хэмжээтэй. Надад бол аятайхан санагдаад байгаа юм. Магадгүй дараагийн бүтээлээ, дараагийн үзэсгэлэнгээ ингэж хийж болох юм байна гэсэн санаа цухуйлзаад байгаа хэрэг. /инээв/

 

 

ESA:  ОЛОН ГОЁ ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ. ЭНЭ МОНГОЛ ГЭР ГЭХЭД ИХ ДУЛААХАН МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙНА?

 


-Цонжин болдог буюу Чингисийн морьт хөшөөний тэнд манай эмээгийн фермэр, гэр байдаг юм. Зундаа бол би тэнд л өнждөг. Мэддэг зүйлээ хийсэн болохоор амархан байдаг шүү дээ. Гэхдээ хэтэрхий сайн мэддэг зүйлээ ил гаргана гэдэг заримдаа амаргүй. Энэ зураг бол орой нар жаргах мөчид тэмдэглэж авсан юм. Эмээгийн хашаа хорооноос эхлээд эдлэл хэрэглэл гэхчилэн бүгд түүхтэй. Мэдээж энэ гэрт бас зургийн олон санаа бий. Халуун дулаан уур амьсгал, инээд хөөр бялхах агаад хүний хөл тасарна гэж байхгүй гээч. Эмээгийн гэр рүү очих гэж яарах хүмүүс олон байдаг юм. Сая нээлтээр эмээ маань ирээд “Хүүе миний гэр байна” гээд гайхсан. Өөрийнх гэр байна гэж бодоогүй юм шиг байна лээ. Үзэсгэлэнгийн дараа эмээдээ бэлэглэнэ ээ.

 

 

ESA: ЗУРГАА ДУУСААД ГАРЫН ҮСГЭЭ БИЧИХЭД ДОГДОЛДОГ УУ?
– Өөрийн хувьд боллоо гэж үзээд гарын үсгээ зурдаг. Өөрөөр хэлбэл зурсан зургийнхаа эзэн болж байна гэсэн үг. Дараа нь магтаал, шүүмжийн аль алины эзэн болж сонсох нь байна. Тэгэхээр гарын үсгийн ард өндөр хариуцлага дагалддаг.

 
ESA: ЗАРИМ НЭГ ЗУРГААСАА МАНАЙ УНШИГЧДАД ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ?

 

 

– Энэ зурагт Архангай аймгийн Хануй, Хөнүйн хөндийн уулзвар бэлчирийг харуулсан. Энд өглөө ямар гоё цэнгэг агаартай гэж санана. Тэрийг тэмдэглэж зурагтаа буулгах гэж хичээгээд, дараа нь төрсөн сэтгэгдэл маань энэ. Өнөөдөр монголчууд бидэнд яг ийм цэвэр орчин олон юман дээр хэрэгтэй байна. Оюун санааны цэвэр орчноос эхлээд л. Ер нь миний сэтгэлийг ямар нэгэн байдлаар догдлуулж, хөдөлгөж чадвал тэрийг хийхэд амархан бөгөөд гоё байдаг юм аа. Заримдаа  энийг л хийх ёстой гэж өөртөө даалгавар өгөөд сэтгэл хөдлөлгүй хийсэн ажил ч бий.

 


Харин энэ бол Байгаль далай дээр зурсан юм. Их жихүүн салхитай, оройдоо тэнгэр бүрхээд л. Тэгсэн атлаа огт танихгүй энэ газарт би өмнө нь ирж байсан мэт дотно санагдсан.

 

ДОМ МОД

 

Ихэр хүүхдүүдийг өвдөхөд  нэг үндэснээс гарсан модыг салгаж домнодог юм гэнэ лээ. Тэндээс үүдсэн зураг байна. Ер нь аливаа юмыг судалгаагүйгээр хийж болохгүй. Ул суурьтай хандах нь их чухал. Дараа нь судалснаа өөрийнхөө сэтгэгдэлтэй хамтатгаад зургаа зурдаг. Тэр утгаараа урт настай бүтээл гарах юм шиг санагддаг.

 

ХАНДГАЙТЫН ӨГЛӨӨ

 

Өглөөний нар мандаж байгаа агшин. Өглөөний нарнаас уралдаад л гардаг юм. Хүлээж суугаад яг нар мандангуут  тэр агшныг тэмдэглэж авна. Ингээд хоёр, гурван  зураг зураад 09:00 цагт буцаж ирэх жишээний. Өглөөний нарны тэр гоёыг мэдрэхийн  тулд шөнө нойр хүрэхгүй хөрвөөж хонох үе олон гарна. Орой нар их гоё жаргасан. Тэгэхээр өглөө эрт босно доо гэж бодохоор шөнө цаг явахгүй бас зовоохыг яана.
Энэ зураг маань хоёрдугаар сард Хятадад болох беннальд оролцохоор болсон.  Миний хувьд анхны олон улсын тэмцээн учраас догдолж байна.

 

ГАНЦААРДАЛ

Дахиад энэ шиг уусгалт будалт хийгээд зурж чадахгүй. Тэр үед төрж байсан шиг сэтгэгдэл одоо ахиад төрөхгүй. Энэ бол ганц. Аль нэг очлоо гэхэд орчноо сайтар ажиглана. Хаанаас би юу илэрхийлж болох уу, юуг нь голлох уу гээд л. Тэрнээс буугаад таалагдлаа гээд зурдаггүй. Жишээ нь энэ “Ганцаарал” байна. Өнөө хэд нь нийлээд шоолоод ч байгаа юм шиг. Байгаль дээр ийм сонин мэдрэмжүүд төрдөг. Тэгээд “Ганцаардал” гээд нэрлэсэн зарим үзэгчид “Яахаараа модыг ганцаардуулдаг байна аа” гээд тоглоом наргиан хийж байна лээ. /инээв/

 

САРАН ХӨНДИЙ

 

Өмнөговь аймгийн Ноён Богдод Саран хөндий гэж үзэсгэлэнтэй газар бий. Өөрийн төрсөн нутгийн сайхныг зурагт буулгасан юм.

 

 

ESA: ГОЁ, МУУХАЙ ӨНГӨ ГЭЖ БАЙХ УУ?
-Муухай  өнгө гэж байдаггүй. Харин хиртэй өнгө гэж байна. Энэ өнгө хэрэг болсон газраа их тустай. Хиртэй өнгө ганц нэг газар  орсноороо бусад өнгөө илүү тодотгодог юм. Миний хувьд бүх өнгө таалагддаг, бүх өнгөөр зурдаг. Гэхдээ улаан, хар өнгөнд илүү дуртай шиг байгаа юм. Хувцасны сонголтдоо илүү ихээр ашигладаг.

 

 

ESA: ДӨРВӨН УЛИРЛААС АЛИНД НЬ ЗУРАГ ЗУРАХ ТААТАЙ ВЭ?
– Намар их баялаг. Бүх өнгийг багтаадаг. Бүүр симфони оркестр  болж, байгаль өөрөө тоглож байгаа ч юм шиг санагддаг. Гэхдээ хүсвэл зунаас бас өвлөөс  олон сайхан санаа төрж болно. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд ес эхлэхэд “Нэг ес” зургаа зурсан.

 

 

ESA: ЗУРААЧ БОЛОХ БАГЫН ТАНЬ МӨРӨӨДӨЛ БАЙВ УУ?

 

-Манай аав Амгаланбаатар зураг хөдөлмөрийн багш хүн байдаг юм. Одоо Өмнөговь аймгийн IV сургуульд зураг хөдөлмөрийн багш хийдэг. Ээж маань Амаржаргал гэж бага ангийн багш байгаад бурхан болсоон. Аавын талд төмөр барьвал дархан, мод барьвал мужаан болсон уран гартай хүмүүс олон бий.  Намайг хүүхэд байхаасаа л зураач болгоно гэж аав их хичээсэн. 1997,1998 оны үед гэрийн багш гэж байдаггүй байхад би Өмнөговьдоо гэрийн багштай зураг заалгадаг байлаа. Дараа нь Улаанбаатар хотод Сувирков төгсөөд ирсэн Олзбаатар, Наранцэцэг гэж хоёр зураачийн урланд хичээллэдэг болсон. Тухайн үед оюутны сургалтын төлбөр 300 мянган төгрөг байхад би ийм дайны мөнгөөр урланд ганцаарчлан зургийн хичээл заалгадаг байлаа. Аав маань өөрөө зураач болж чадаагүй учраас хүүгээ зураач болгохын төлөө бүхнээ зориулж, бэлдсэн. Долдугаар ангийн сурагч байхдаа л зураач болно гээд шийдчихсэн учраас өөр мэргэжлийн тухай бодож байгаагүй шүү. Ямартаа ч энэ үзэсгэлэнгээрээ аавыгаа баярлуулж, жоохон ч атугай ачийг нь хариулсан  болохоор сэтгэл өег байна.

 
ESA: ЗУРАГТ ТУХАЙН ОРЧНЫГ  ҮНЭНЭЭР Л ӨГҮҮЛЭХ ЁСТОЙ ЮУ? ХЭТРҮҮЛЭГ БАЙХ УУ?

 

-Зураг үнэн байх ёстой. Бас худлаа байх ёстой. Яг үнэн зурчихвал уйтгартай, дутуу ажил болдог.  “Ганцаардал” зураг дээр ярихад эдгээр модод гэр бүл шиг санагдаад байсан юм. Тэндээс үүдээд ийм мод байж болох юм гэж бодох жишээний. Энэ модыг ороосон эрчлээс ийм их орооцолдсон биш арай зөөлөн байсныг нь илүү эрчилсэн мэтээр харуулсан. Ер нь харж байгаагаа шууд хуулах биш өөрийнхөөрөө боловсруулж гаргадаг гэсэн үг.  Яг энэ газраа очвол шаал өөр харагдана. Магадгүй эдгээр модыг хайх байх аа.

 

 

ESA: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗУРАХАД АЛЬ НЬ ХЭЦҮҮ ВЭ?
-Хөөрхөн эмэгтэйг зурах хэцүү.

 

 

 

ESA: ХӨӨРХӨН ЭМЭГТЭЙ ГЭЖ ТАНЫХААР?
-Өөрийнхөө өөг далдалж чаддаг илүү зүйлээ тодотгож чаддаг эмэгтэйг хэлнэ дээ. Сайхан эмэгтэй ч сэтгэл хөдөлгөж, шинэ уран бүтээл тийш хөтөлдөг.

 

 

ESA: ӨӨР АЖИЛ ХИЙДЭГ ҮҮ?
-Зургаа л зурна. Энэ чинь миний ажил шүү дээ. Магадгүй эдийн засгийн хувьд баталгаа муутай. Маргаашийн тухай таашгүй байж мэдэх юм. Гэхдээ ажилдаа үнэнч байвал хүссэн хүсээгүй хүмүүс зорьж ирээд миний зургийг авдаг болно. Гол нь хөдөлмөрлөх  хэрэгтэй, үнэнч байх хэрэгтэй.

 

 

ESA: ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. БЕННАЛЬД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.