3 тамирчны нэрээр 300 ХУВЦАСНЫ төсөв гаргажээ
2018 оны 2 сарын 12

Хэдхэн хоногийн дараа Пёчаны олимп эхлэх гэж байна. Олимп бүрийн өмнө “нэг асуудал” олон нийтийн дургүйг хүргэж ярианы сэдэв болдог бичигдээгүй хуультай болчихлоо. Энэ удаад ч өнжсөнгүй. Тамирчдын хувцсыг тойрсон хэл ам эд өрнөж байна. Сошиалд “311 сая төгрөгний үнэтэй 30 хүний хувцас” гэсэн постууд урсаж, өнгө дизайныг нь голж, бусад орнуудын тамирчдын хувцастай харьцуулсан, халагласан постууд хаа сайгүй. Тэгвэл уг асуудалд албаны хүн албан ёсны тайлбар өгсөн байх юм. Олимпийн хувцаст зориулж 311 сая төгрөг зарлагадсан нь үнэн ажээ. Энэ нь байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 280 орчим хүний хувцасны төсөв юм байна. Гэхдээ олимпд 30 орчим хүн явах гэнэ. Нэг хүний иж бүрэн хувцас, хэрэглэл нь сая гаруй төгрөгийн үнэтэй тусч. Ямар ч өнгө сонгосон шүүмжилдэг учраас ер нь цаашдаа тогтсон нэг өнгөтэй болгохоор ажиллаж байгаа гэдгээ ч хэлжээ.

Угтаа бол манайхаас гурван тамирчин Пёчаны олимпд оролцоно. Гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин, паралимпын нэг тамирчин эрхээ авсан. Гурван хүний нэрээр бараг 300 орчим хүний хувцсыг бэлдсэн байна. Үнэн ч юмуу бүү мэдээ. Тэрнээс 30 нь нөгөө гурвыг дагаад намирах юм байна. 311 сая төгрөг бол зөвхөн хувцасны л төсөв. Цаашид гарах зардал урсах нь тодорхой. Аливаа зүйлийн сиймхийг анддаггүй байдал энд ч мөн гарчээ. Олимпт оролцож байгаа тамирчид хувь хүн гэхээсээ илүүтэй улс орныхоо нүүр царай болдог. Гэтэл бусад орны тамирчдын хувцсыг хар. Харин өөрсдийгөө хар. Хэдэн тамирчдаа боддоггүй юм бол зугаалж яваа өөрсдийгөө боддог байгаа даа.

/АНУ-ын тамирчдын хувцас/

Бэлтгэсэн:А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.