Цагаан сараар ШИРЭЭГЭЭ чимэх амтат 32 төрлийн САЛАТ хийх жор
2018 оны 2 сарын 15

1.Редисктэй огурцы помидорны салат

Орц:

-Редиск

-Ногоон огурцы

-Помидор

-Шинэ укроп / Dill / хатаасан байж болно

-Давс

-Ургамлын тос

Хийх арга:

Ногоонуудаа өөрсдийн хүссэн хэмжээгээр хэрчээд бага зэрэг давсаар амтлан ургамлын тостой хутгаад л бэлэн болно. Хурц махан хоолтой төгс зохицно. Укропны оронд ногоон сонгино хийсэн ч гоё болно.

2.Туна, бууцайны салатандаа эрдэнэ шиш нэмээд үзээрэй

300 гр бууцайг угааж, усыг нь сайтар сэгсэрч хэрчээд 185 гр лаазалсан туна, 1 лааз эрдэнэ шиштэй холиод нунтаг хар перец, багахан давс нэмхэд л салахын аргагүй сайхан салат бэлэн боллоо. (Хүнсний уутан бээлий өмсөөд зөөлөн хутгачихдаг)

Туна өөрөө тостой тул тос нэмж хийх шаардлага байхгүй. Хэрвээ тосгүй туна авбал дээр нь бага зэрэг оливын, ургамлын, шар буурцагын гээд өөрсдийн хэрэглэдэг тосноосоо нэмж хийгээрэй. Лаазтай эрдэнэ шишний усыг сайтар шүүнэ. Бууцайгаа хэрчилгүй урт томоор нь хийсэн ч гоё болдог шүү. Огт давс перец хийхгүй байсан ч болно. Өөр өөрсдийнхөө амталгаанд тохируулна бизээ. Хүсвэл ногоон эсвэл улаан сонгино нэмж болно. Туна их байхад дуртай бол нэмээрэй.

Энэхүү салатны эрдэнэ шишийг нь хасаад хачиртай талхны хавчуурга болгосон ч болдог.

3.Үхрийн гүзээний салат

Орц:

-Үхрийн гүзээ

-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы

-Лууван

-Улаан сонгино эсвэл ногоон сонгино

-Гүнжидийн тос

-Гүнжидийн үр

-Соя соус

-Нунтаг хар перец

Хийх арга:

Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.

Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перец, гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна. Хүсвэл хар перецний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.

4.Хүрэн манжингийн салат

Винегрет гэхээр төмстэй хүрэн манжингийн салат төсөөлөгддөг шүү дээ. Энэ удаад илүү гоё амттай болдог төмсгүйг зааж өгье.

Орц:

-Хүрэн манжин

-Өндөг

-Саримс

-Майонез (тослог багатай)

-Давс

Хийх арга:

Хүрэн манжинг хальстай нь чанаж болгоод, хөргөөд, хальслаад, үрүүлээр үрнэ. Өндөгийг чанаж болгоод, хөргөөд, хальслаад, нарийн савх эсвэл маш жижиг шоо дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Саримсаа зориулалтын бяцлагчаар бяцлана эсвэл үрүүлийнхээ хамгийн жижгээр үрнэ. Бүгдийг холиод давс, майонезаар амталж хутгаад л бэлэн.

5.Хүйтэн гоймонгийн салат

Орц:

-Гоймон

-Редиск

-Ногоон огурцы

-Ногоон сонгино

-Яншуй

-Свит чили соус

-Оливын тос эсвэл ургамлын тос

-Нунтаг хар перец

-Давс

Хийх арга:

Гоймонгоо давс тостой усанд чанаж болгоод хүйтэн усанд сойгоод усыг нь сайтар шүүнэ. Гоймон дээрээ редиск, огурцы, ногоон сонгино, яншуйг өөрийн хүссэн хэмжээтэй хэрчиж хийгээд бага зэрэг свит чили соус, оливын тос, хар перецээр амталж хутгана. Хүсвэл чимх давс нэмээрэй. Энэ их гоё салат болдог байгаа.

6.Редискний салат

Орц:

-Редиск

-Ногоон сонгино

-Оливын тос эсвэл ургамлын тос

-Давс

Хийх арга:

Редиск, ногоон сонгиноо хэрчээд бага зэргийн оливын тос чимх давсаар амтлаарай

7.Редисктэй байцааны салат

Орц:

-Бөөрөнхий байцаа

-Редиск

-Ногоон сонгино

-Алимны венегар (ямар ч төрлийн венегар байж болно)

-Оливын тос эсвэл ургамлын тос

-Давс

-Сахар

Хийх арга:

Байцаа, редиск, ногоон сонгиныг зураг дээрх шиг нарийн савхан хэрчээд оливын тос, алимны венегар, давс, сахараа хийгээд базалгүй маш болгоомжтой зөөлөн хутгана. Зөөлөн амттай гоё салат болдог. Мах ихтэй хурц хоолтой төгс зохицоно.

8.Тахианы цээж махан салат

Сайхан салат идмээр байв ч төмс идмээргүй байна уу. Тэгвэл энэ салатыг хийгээд нэг үзээрэй тун амархан.

Орц:

-Тахианы цээж мах 1 кг

-Амтат шар чинжүү 2 ширхэг жижгэвтэр хэмжээтэй

-Ногоон огурцы 1 годгор

-Помидор 2-3 ширхэг

-Майонез

-Давс

Хийх арга:

Тахианы цээж махаа буцалж буй усанд хийж давсаар амтлан болтол нь чанаад шүүж хөргөнө. Хүйтэн усанд хийж чанавал нитгэл их гарах тул буцалж буй усанд чанаад шөлийг нь уух юмуу хоолондоо хийж ашиглаарай. Шөлөөр нь гурил зуурсан ч болно шүү дээ:) Халуун ажиллагаа ингээд л дуусаа. Бусад ногоонуудаа махтайгаа ижил хэмжээтэй хэрчээд майонезаар амталж хутгаад л бэлэн боллоо. Өөрсдийн амталгаанд тохируулан давс, нунтаг хар перец, ногоон сонгино нэмж болно. Өнгө үзэмж нэмэх үүднээс шар чинжүү ашиглалаа. Лаазалсан эрдэнэ шишээр орлуулж болно. Чинжүүгээ түүхийгээр нь хийнэ.

9.Өргөст хэмхний кимчи

Орц:

-Өргөст хэмх 2 ширхэг

-Улаан сонгино 1/2 ширхэг

-Ногоон сонгино 2 булцуу

-Саримс 2 хумс

-Жууцай 3 булцуу

-Лууван 1 ширхэг жижиг

-Соя соус 3 х/х

-Гучугару 3 х/х

-Бор эсвэл цагаан сахар 2 ц/х

-Гүнжидийн тос 3 ц/х

-Гүнжидийн үр 3 ц/х

Хийх арга:

Бүх ногоонуудаа зураг дээрх шиг хэрчээд саримсаа бяцлаад бүх амтлагчаа хийж хутгаад л бэлэн болно

10.Огурцыны салат

Орц:

-Ногоон огурцы

-Бэлэн салат амтлагч

– Оливын тос эсвэл ургамлын тос (хийхгүй байсан ч болно)

Хийх арга:

Огурцыгээ нимгэн хавтгай хэрчээд бэлэн салат амтлагчаар амтлаад л бэлэн боллоо. Хүсвэл багахаан тос нэмээрэй.

11.Нарийн ногоотой амталсан будаа


Бүх төрлийн 2-р хоолонд өнгө үзэмж амт сайтай сайхан хачир болохоос гадна дангаараа хоолыг орлох давуу талтай:)

Орц:

-Цагаан будаа

-Брокколи

-Лууван

-Амтат чинжүү (улаан, ногоон, шар)

-Хулуу

-Бөөрөнхий сонгино

-Ногоон сонгино

-Давс

-Оливын тос

Хийх арга:

Будаагаа нялбайлгалгүй усыг нь тааруулж агшаана. Бүх ногоогоо жижиг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд болцых нь дарааллаар бөөрөнхий сонгино, лууван, амтат чинжүү, хулуу, брокколи, ногоон сонгино гэж хийж дунд зэргийн гал дээр оливын тосонд хуурч болгоод будаатайгаа хутгаад бэлэн болно. Ногоогоо хуурч байхдаа давсыг өөрийн амталгаагаар тааруулаарай. Давс бага байх тусмаа ногооны сайхан амт илүү амтагдана

12.Юуцайны кимчи

Хийхэд маш амархан бөгөөд амттай. Бууз болон махан хоолтой төгс зохицох хачираа өөрсдөө хийж сурцгаая.

Орц:

-Юуцай 1 кг

-Саримс 2 ширхэг

-Ногоон сонгино булцуутайгаа 2 ширхэг

-Тинжан (Doenjang, Soybean pasta) 3 ц/х

-Гучужан 3-4 ц/х

-Бор сахар 1 ц/х

-Гүнжидийн тос 1 х/х

-Гүнжидийн үр

Хийх арга:

Юуцайгаа булцуунаас нь салгаад сайтар угаана. Хэт том далбагарыг нь уртааш нь эсвэл хөндлөнгөөр нь 1 хуваагаарай. Дөнгөж буцалсан халуун усанд угааж цэвэрлэсэн юуцайгаа хийгээд бүгдийг нь халуун усанд далд ортол нь хутгаад 2 минут байлгаад шүүж хүйтэн усанд сайн булхуулна (3-4 удаа). Одоо бууцай маань маш гоё тод ногоон өнгөтэй хүйтэн болсон байгаа. Усыг нь шүүгээд зурагт харагдаж буй шиг 2 гарандаа атгаж байгаад юуцайгаа шальчийтал нь усыг нь сайн базна. Усархаг болчихвол амтлагчаа хийсний дараа урсаад муухай болох тул усыг нь маш сайн базаарай. 1 кг юуцайг цэвэрлэхэд 270 гр хаягдал гарсан. Халуун усанд дэвтээгээд хүйтэн усаар булхаад сайтар базсаны дараа бэлэн болсон юуцайны цэвэр жин 400 гр болсон байгаа. Мөн харагдах байдлаараа овор хэмжээ нь 3 дахин багассан. Юуцайгаа халуун усанд 2 минутаас илүү удааж огт болохгүй шүү, хэт болоод зөөлөрчихвөл муухай.

Сармисаа бяцлаад, ногоон сонгиноо хярж хэрчээд гүнжидийн үрнээс бусад бүх орцоо нэмээд сайтар хутгаад амтлагч маань бэлэн болно. Бэлэн болсон амтлагч дээрээ юуцайгаа хийж холиод л юуцайны гайхалтай сайхан амттай кимчи маань бэлэн болох нь тэр. Амсаж үзээд хүсвэл гучужан бага зэрэг нэмж болно. Тинжан огт хийлгүй дан гучужангаар амталж бас болно. Өөрсдийн амталгаандаа тааруулаад таваглаад дээр нь гүнжидийн үр цацаж өгөөрэй.

13.Үхрийн махан салат

Орц:

-Үхрийн өөхгүй мах (хонь байж болно)

-Дарсан огурцы

-Дарсан амтат улаан чинжүү

-Лаазалсан мөөг

-Улаан сонгино (цагаан байж болно)

-Чили (кетчуп, лечо байж болно)

Хийх арга:

Махаа давстай усанд зөөлөртөл нь чанаж болгоод (битүү чанагчинд бол бүр амар) хөргөнө. Бүх орцоо нарийн савхан болон нимгэн хавтгайгаар зураг дээрх шиг хэрчээд чилигээр амтлана. Та нар минь өөрсдийн амталгаандаа тохируулаад мөөгтэй лечо, чинжүүтэй лечо, кетчуптэй хутгаж болно. Мөн амтат чинжүүг заавал дарсан гэхгүй түүхийгээр нь аваад жигнэж эсвэл багахан тосонд хуурч болгоод хийж болох байгаа. Сонгины хувьд улаан сонгино түүхийгээр нь идсэний дараа амнаас үнэртэх нь хамаагүй бага байдаг. Айл бүр сар шинээр мах чанадаг тул заавал үхрийн махаар биш хонины өөхгүй махаар энэхүү салатыг хийж болно.

Гэхдээ дарсан амтат чинжүү болон чилитэй нь илүү гоё болдог;) Хүсвэл давс, нунтаг хар перец, нунтаг саримс нэмээрэй.

14.Тахианы цээж мах, амтат чинжүүтэй нийслэл салат

Орц:

-Төмс 1 кг 200 гр

-Лууван 400 гр

-Амтат чинжүү (улаан-1, ногоон-1/2, шар-1/2 ширхэг)

-Ногоон огурцы 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй)

-Ногоон сонгино 50 гр

-Эрдэнэ шиш 1 лааз

-Тахианы цээж мах 500 гр

-Майонез 500 гр

-Давс

Хийх арга:

Тахианы цээж махыг бага зэрэг давстай усанд чанаж болгоод хөргөнө.Сайхан салатны нууц нь төмсөө маш гоё амттай чанахад байдаг. Төмс, луувангаа арилгаад шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоод шүүж хөргөнө. Салатны төмсийг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй.

15.Пүнтүүзний салат

Орц:

-Нарийн пүнтүүз

-Хатаасан хар мөөг

-Лууван

-Саримс (сонгино нэмж хийж болно)

-Давс

-Нунтаг хар перец

-Ургамлын тос

-Цуу

Хийх арга:

Пүнтүүз болон хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод хүйтэн усанд сойж шүүнэ.Пүнтүүзийг өөрийн хүссэн хэмжээгээр хуваагаад, хар мөөгийг нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.Лууванг нарийн савх хэлбэртэй хэрчих эсвэл нарийн үрүүлээр үрээд саримсаа бяцлана. Хайруулын тавагт ургамлын тосонд саримс, лууван, хар мөөгийг давс, хар перецтэй хуурч болгоод пүнтүүзэн дээрээ хийж цуугаар амтлан сайтар хутгаад бэлэн боллоо.

16.Макарон гоймонгийн салат

Орц:

-Жижиг макарон гоймон

-Дарсан огурцы

-Дарсан амтат улаан чинжүү (Урбанек)

-Ногоон сонгино

-Хатаасан хар мөөг

-Майонез (тослог багатай байвал сайн)

-Ургамлын тос

-Давс

-Нунтаг хар перец

Хийх арга:

Гоймонгоо буцалж буй усанд давс, тостой чанаж болгоод усыг нь сайтар шүүж хөргөнө.Хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод усыг нь сайтар шүүгээд жижиг дөрвөлжин хэрчинэ. Огурцы, чинжүү, сонгиноо жижиг дөрвөлжин хэрчинэ. Бүгдийг холиод майонез, перец, давсаар амтлан хутгаад салат бэлэн

17.Туна загастай бууцайны салат

Орц:

-Бууцай

-Лаазалсан туна

-Улаан сонгино эсвэл ногоон сонгино

-Гүнжидийн үр

-Давс

-Нунтаг хар перец

Хийх арга:

Бууцайгаа угааж жижиглэн хэрчээд туна, сонгино бага зэрэг давс, хар перец хийж хутгаад тавагласны дараа гүнжидийн үр цацна. Лаазтай туна өөрөө тостой байдаг тул тос нэмж хийх шаардлага байхгүй. Бэлэн болсон салатаа өөрийн хүссэнээр чимэглэж таваглаарай. Салатаа жижиглэн бэлдсэн бурито гуриланд тако хэлбэрээр ороох эсвэл салат навчинд боох гэх мэт өөрийн хүссэнээр зооглоорой

18.Амталсан дууяа

Орц:

-Дууяа (кунамүл)

-Гүнжидийн тос

-Гүнжидийн үр

-Гучугару

-Ногоон сонгино

-Давс

Хийх арга:

Дууяагаа буцалж буй усанд хийж 1 минут буцалгаад шүүж аваад хйтэн усанд сойж усыг нь гүйцэт сэгсэрнэ. Бэлэн болсон дууяан дээр жижиглэн хэрчсэн ногоон сонгино болон бусад амтлагчнаас өөрийн амталгаандаа тохируулан нэмж хутгаад бэлэн боллоо.

19.Шанзтай мөөг

Энэхүү амталсан мөөг нь хийхэд хялбар, өнгө үзэмж сайн, амттай тул баярын ширээгээ чимбэл зочидод маш их таалагдах болно.

Орц:

-Цагаан мөөг

-Амтат бор мөөг

-Бөөрөнхий сонгино

-Саримс

-Яншуй

-Оливийн тос эсвэл ургамлын тос

-Давс

-Нунтаг хар перец.

Хийх арга:

Мөөгнүүдээ угааж цээвэрлээд иш болон дотор талыг нь ухаж цэвэрлэнэ (иш болон ухсан хэсэгээ хаяхгүй шанзанд хийнэ).Цэвэрлэсэн мөөгөө хайруулын тавагт бага зэрэг тос хийгээд 2 талаас нь жигд зөөлөн галаар шарж болгоод авна.

Мөөгний иш болон ухсан үйрмэг, саримс, сонгиноо жижиглэн татна.Мөөг шарсан тосондоо сонгиноо чимх давс, чимх хар перецээр амтлан хуурч байгаад дээр нь татсан мөөг, саримс, яншуйгаа хийгээд зөөлөн гал дээр хуурч болгоно. Хүсвэл хуурч буй шанзандаа бага зэрэг тос нэмээрэй. Мөөг тос их уудагч хэт их тостой бол нялбайгаад муухай тул бүгдийг өөрийнхөө мэдрэмжээр тааруулаарай. Бэлэн болсон шанзаа ухаж шарсан мөөгөн дотроо хийгээд зөөлөн гал дээр нэг талаас нь бага зэрэг шараад л бэлэн боллоо. Сүүлийн шаралтыг хийхгүй байсан ч болно. Өөрийн хүссэнээр чимэглэж таваглаарай. Хүйтэн болон халуунаар нь зооглоно. Надад бол жижиглэн татсан түүхий амтат чинжүү дээр нь тавьж идвэл илүү гоё санагддаг. Өөр маш олон янзаар шанзыг нь бэлтгэж хийж болдог. Дараа өөр маягаар амталсанг заах болно.

20.Нийслэл салат

(Хиамгүй, махгүй)

Зарим хүмүүс хиамгүй бол амтгүй болно ядаж мах хийхгүй бол гэсэн буруу ойлголттой байдаг. Аль алийг нь хийлгүй амттай сайхан салат хийгээд сурчихвал эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, эрүүл мэндийн хувьд ч хэрэгтэй.
Нийслэл салатны хамгийн их бөгөөд гол орц бол яахын аргагүй төмс. Төмсөө л сайхан чанасан байхад салатыг яаж ч хийсэн амттай болдог байгаа. Тиймээс хөхөрч өнгөө алддаггүй, шаргал, амттай сайхан төмс сонгож аваарай.

Орц:

-Төмс

-Лууван

-Сонгино

-Өндөг

-Дарсан огурцы

-Лаазтай вандуй

-Майонез

-Давс

Төмс луувангаа арилгаад жигд хэмжээтэй хэрчээд давстай усанд бяцлалгүй чанаж болгоод усыг нь сайтар шүүгээд хөргөнө. Хүйтэн усанд сойж болохгүй. Өндөгөө чанаад хүйтэн усанд сайтар сойно. Бусад бүх орцоо төмстэйгээ ижил хэмжээтэй хэрчээд (сонгиноо маш жижиг хярж хэрчинэ) бүгдийг нь нийлүүлээд майонезтай хутгана. Төмсөө амттай чанасан байхад майонезтай хутгахад давс нэмж хийх шаардлага гардаггүй. Хэрвээ төмсөө хүйтэн усанд сойх юм уу давсгүй чанаад хутгахдаа давс хийвэл гашуун мөртлөө ус амтагдсан муухай болдог.

Би их хэмжээний салат хийх үедээ төмс луувангаа тусад нь чанаад харин бага хэмжээний салатныхыг нийлүүлээд чаначихдаг. Та нар минь цагаан сараар хөргөгчний ногоо хийдэг 2 шургуулгаа сайтар угааж цэвэрлээд өдөр өдөрт нь чанасан төмс луувангаа тааруулж бэлдээд хөрсөн хойно нь хийж хадгалаарай. Зай бага эзэлнэ. Нэг дор их салат хутгалгүй бага багаар ирэх зочидынхоо баримжаагаар амталж хутгаарай.

21.Шаржигнуур тахиа, хатаасан цангис жимсний салат

Орц:

-Тахианы цээж мах 500 гр

-Талхны үйрмэг 4 хоолны халбага

-Хуурай цагаан гурил 3 хоолны халбага

-Өндөг 1 ширхэг

-Давс

-Нунтаг хар перец

-Салат навч 250 гр

-Алим 1/3 ширхэг

-Хатаасан цангис жимс 60 гр

-Тослог багатай майонез 100 гр

-White vinegar 3 цайны халбага

-Яншуй 10 гр.

Хийх арга:

Салат навчийг угаагаад хүйтэн усанд сойж тавина. Гүйцэт гэсгээсэн тахианы цээж махыг голоор нь хуваана (махны ус, шүүсийг зориулалтын алчуур, салфеткаар дарж шингээж хуурай болгоно). 3 тавагны нэгэнд нь өндөгөө хагалж хутгана. Хоёр дахид нь цагаан гурилаа нунтаг хар перец, давстай хольж хутгана. Гурав дахь тавганд талхны үйрмэг хийнэ. Цээж махаа 2 талаар нь гурил, өндөг, талхны үйрмэг гэсэн дарааллаар өнхрүүлээд дунд зэргийн гал дээр оливийн тосонд 2 талыг нь ээлжлэн шаргал өнгөтэй болтол шарж болгоно (махны нимгэн зузаанаас шалтгаалан 1 талыг 5-7 минут шарна). Мах шарагдаж байх хооронд салат навчны усыг сайтар сэгсрээд гараар тасалж салатны том тавганд хийнэ. Дээр нь 1/3 алимаа нимгэн хавтгай хэрчиж хийгээд хатаасан цангис жимсээ жигд тарааж өгнө. Шарсан шаржигнуур цээж махаа өөрийн хүссэн хэмжээгээр зүсэж салатныхаа хамгийн дээгүүр тавина.
Дрэссинг: Майонез, white vinegar, жижиглэн хэрчсэн яншуйгаа холиод бага зэрэг давс, хар перецээр амтална.

22.Хавчны махан салат / Crab salad

Орц:

-Хавчны мах (зураг коммэнтод)

-Ногоон огурцы

-Лууван

-Ногоон сонгино

-Шанцай/celery (хийхгүй байсан ч болно)

-Нунтаг хар перец

-Давс

-Майонез

-iceberg lettuce / салатны байцаа

Хийх арга:

Бүх орцоо үрэхийг үрээд хэрчихийг нь хэрчээд давс перец майонезтай хутгаад л бэлэн болно. Хэрвээ iceberg lettuce байхгүй бол энэ салатыг хар талхан дээр тавиад идсэн ч гоё байх болноо. Салат маань хүйтэн байхдаа илүү амттай.

23.Редиск, ногоон огурцы, луувантай салат

Огурцы редискээ зураг дээрх шиг хэрчээд, луувангаа үрээд өөрсдийн амталгаанд тохируулан бага зэрэг давсаар амтлан майонезтай хутгаад л бэлэн болно. Хүсвэл нунтаг хар перец нэмж болно.

24.Хүрэн манжинтай төмсний салат

Энгийн орцтой;)

Орц:

-Төмс

-Хүрэн манжин

-Лаазалсан вандуй

-Майонез

-Нунтаг хар перец

-Укроп

-Давс

Хийх арга:

Төмсөө хүссэн хэлбэрээр хэрчиж давстай усанд чанаж болгоно. Хүрэн манжинг хальстай нь чанаж болгоод, хөргөөд, хэрчих юмуу үрүүлээр үрнэ. Төмс, хүрэн манжин, вандуй, укроп, хар перец, майонезаа хольж хутгаад л бэлэн болно. Давс болон бусад амтлагчаа өөрсдийн амталгаанд тохируулаарай. Цөөхөн орцтой ч их гоё амттай болдог.
Миний хувьд хүрэн манжинг намар шинээр гармагц нь 10 кг-ийг чанаж болгоод янз бүрийн хэлбэр хэмжээгээр хэрчихийг нь хэрчээд үрүүлээр үрэхийг нь үрээд 500, 500 гр-аар жижиг хүнсний гялгар уутанд нимгэн хавтгай зулж хийгээд хөлдөөчихдөг болохоор дараа жилийнхээ намар болтол салат, хоолондоо санаа амар хангалттай хэрэглэдэг байгаа. 10 кг хүрэн манжин чанаад хальслахад яг 8,5 кг бэлэн болдог. Хорогдол нь 1,5 кг;) Бүтэн жилийн турш манай гэрийн хэрэгцээнд хангалттай хүрдэг. Нодлин намар 1 кг-ийг нь 800 төгрөгөөр авсан санагдаж байна. Тэгхээр 1 жилийн хэрэгцээ ердөө 8000 төгрөг болж. Жилийн турш байс гээл арилгаж, чанаж, хэрчиж, үрж заваарахгүй их амар. Энэ салатыг хийхэд төмсөө чанаад л хутгачих жишээний;)

25.Сармистай помидорны салат

Орц:

-Помидор

-Саримс

– Оливын тос эсвэл ургамлын тос

-Давс

Хийх арга:

Помидороо угаагаад нимгэн хавтгай хэрчээд бяцалсан саримс бага зэргийн тос давстай хутгаад л бэлэн.

26.Вандуйны салат

Орц:

-1 лааз вандуй

-50 гр ногоон сонгино

-Майонез

Хийх арга:

Вандуйны усыг сайтар шүүнэ.

Ногоон сонгиноо угаагаад шоо дөрвөлжин хэрчээд вандуйтай холиод майонезтай хутгана. Хүсвэл чимх давс хийж болно.

Буузтай хольж идэхэд тохиромжтой хийхэд хялбар.

27.Байцааны салат

Орц:

-Бөөрөнхий байцаа

-Ногоон огурцы

-Ногоон сонгино

-Оливын тос эсвэл ургамлын тос

-Давс

Хийх арга:

Бөөрөнхий байцааг нарийн савхан хэлбэртэй хэрчээд багахан давс хийгээд 3-4 удаа зөөлөн базна (Хэт зөөлөртөл биш бага зэрэг. Хэрвээ байцаанаас шүүс их ялгарвал шүүгээд аваарай). Байцаан дээрээ огурцы болон сонгиноо нарийн савхан хэрчиж хийгээд бага зэрэг тостой хутгаад л бэлэн. Давсыг өөрийн амталгаагаар хийгээрэй.

28.Шаржигнуур тахиа зууш бэлдэх

Орц:

-Тахианы цээж мах 500 гр

-өндөг 1 ширхэг

-талхны үйрмэг 4-5 х/х

-гурил 3 х/х

-давс

-хар перец

-оливийн тос эсвэл ургамлын тос

-помидор 3-4 ширхэг

-саримс 1-2 хумс

-яншуй 5 гр

-бализамик цуу 3-4 а/х.

Жич: х/х – хоолны халбага

а/х – амны халбага.

Хийх арга:

Цээж махаа хавтгай чигээр нь голоор нь нэг хувааж нимгэлж өгнө. (Үүнийгээ уутанд хийж байгаад зөөлөн давтаж бүр нимгэн болгож ч болно.)

3 тавганд:

1. Гурил+давс+хар перец

2. Өндөг-хутгах

3. Талхны үйрмэг гэх дарааллаар хийгэд цээж махаа гурил, өндөг, талхны үйрмэгт өнхрүүлээд дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавагт тосоо хийн 2 талыг жигд шаргал болтол шарна (махны нимгэн зузаанаас шалтгаалж 1 талыг 5-7 минут).

Мах шарагдаж байх хооронд жижиг саванд помидор, саримс (бяцлах), яншуйгаа жижиглэн хэрчиж хийгээд бага зэргийн давс, хар перец, оливийн тос (ургамлын тос байсан ч болно), бализамик цуугаар амтлан хутгана. Бэлэн болсон махаа бариж идэхэд тохиромжтой хэмжээгээр хувилан хэрчиж таваглаад дээр нь амталсан помидорноосоо тавиад л бэлэн боллоо. Энэхүү зуушийг халуун, хүйтэн аль ч байдлаар олгож болно. Зочид ирэх үеэр олон хоол унд бэлдэх хэрэг гардаг шүү дээ. Тэр үед махаа шарж бэлдчээд амталсан помидороо таглаж хөргөгчиндөө хадгалж байгаад зочидоо ирсэн үед таваглаарай.

29.Салат навчтай өндөгний салат

Орц:

-Өндөг 3 ширхэг

-Ногоон огурцы 1 годгор

-Салат навч 5-6 ширхэг

-Ногоон сонгино 3 ширхэг урт ногоон иш

-Майонез

-Давс

Хийх арга:

Өндөгөө чанаад хүйтэн усанд сайн сойгоод хүссэнээрээ хэрчинэ. Ногоон огурцы, сонгино, салат навчаа хэрчээд чимх давсаар амтлан өндөг майонезтай хутгаад бэлэн

30.Луувангийн салат

Хийхэд амархан бөгөөд амттай:)

Орц:

-Лууван

-Ногоон огурцы

-Ногоон сонгино

-Майонез (тослог багатай)

-Давс

Хийх арга:

Луувангаа арилгаад үрүүлээр үрнэ, огурцы ногоон сонгиноо нарийн хэрчээд чимх давс, майонезаар амталж хутгаад бэлэн.

31.Цагаан лууван, алимтай эрүүл мэндийн салат

Орц:

-Цагаан лууван

-Алим

-Хүрэн манжин

-Укроп

-Нунтаг саримс

-Лимон

-Оливын тос эсвэл ургамлын тос

Хийх арга:

Цагаан лууванг арилгана.Алимны голыг цэвэрлэнэ.Хүрэн манжинг хальстай нь бүтнээр нь чанаж болгоод хөргөөд хальслана. Бүх ногоогоо нарийн савх хэрчээд нунтаг саримс, укроп, лимоны шүүс, ургамлын тостой хутгаад бэлэн болно. Маш зөөлөн амттай эрүүл салат болно. Уксус, давс орохгүй. Цагаан лууван алим ижил хэмжээтэй ахуй, хүрэн манжин өнгө оруулах төдий бага орно. Тос болон лимоны шүүсээ өөрсдийн мэдрэмжээр тааруулаарай (бага орно)

32.Цагаан луувангийн салат

Энэ үнэхээр гоё амттай

Орц:

-Цагаан лууван 0,6 кг

-Ногоон сонгино 10 ширхэг ногоон урт иш

-Саримс 1 ширхэг

-Цагаан венегар 1 х/х

-Гучугару 1 х/х

-Бор сахар 1 х/х

-Давс 1 х/х

Хийх арга:

Цагаан луувангаа арилгаад нарийн савхан хэлбэртэй хэрчээд 1 х/х давс хийж маш зөөлөн базаж сайтар хутгаад хөргөгчинд 10 минут амраана. Хөргөгчнөөс гаргаад ялгарсан шүүсийг шүүгээд 2 гараараа сайтар базаж шахна. Цагаан лууван дээрээ нарийн хэрчсэн ногоон сонгино, бяцалсан саримс, венегар, гучугару, сахараа нэмээд сайтар хутгаад л амттай сайхан салат маань бэлэн боллоо

Эх сурвалж: Sansar supermarket chain, share to share зэрэг facebook хуудсууд

Хариулт үлдээх

Your email address will not be published.