“Хаврын бүргэдийн баяр ” нийслэлд болно
2018 оны 3 сарын 2

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн хавар гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, намар Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг.

Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг. Арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой, жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.

Үүний дараа бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой Казах хүмүүстэй танилцаж, Казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Хариулт үлдээх

Your email address will not be published.