10 хүн тутмын 9 нь жимс, ногоог бага идэж, давсыг 2 дахин их хэрэглэдэг байна
2018 оны 2 сарын 28

food1Эрүүл мэндийн яамны захиалгаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг  2016-2017 онуудад нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 94 сумын бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд,  өрхийн хүн амыг хамруулан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн бүрэн дэмжлэгтэйгээр НЭМҮТ  хийж гүйцэтгэн, үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгаагаар Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхэд, 6-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх насны эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал, өрхийн хүнсний баталгаат байдал, өрхийн ус болон ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг хот, хөдөө, эдийн засгийн 4 бүс, Улаанбаатар хот, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан үзүүлсэн нь цаашид хүн амын суурьшил, бүс нутгийн онцлогт тохирсон, нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай мэдээлэл болохоор байна.

Уг судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн тураал 2013 онтой харьцуулахад 1.6%-аас 0.7% болж, өсөлтийн хоцрол 10.8%-с 5.9% болж буурсан байна. Мөн хүүхэд эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол нөхцөл болсон 6 сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн эзлэх хувь 2013 онд 47% байсан бол 2018 оны судалгаагаар 58.3% болж өссөн байна. Энэ мэт эерэг үзүүлэлтийн зэрэгцээ 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.7%, төрөх насны эмэгтэйчүүдийн 45.9% илүүдэл жин, таргалалттай байгаа нь ХБӨ-р өвчлөх эрсдлийг үүсгэж байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 11.7%, 6-11 насанд энэ үзүүлэлт 22.2%-тай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна.

Монгол Улсын 10 хүн тутмын 9 нь жимс, ногоог ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага, харин давсыг зөвлөмж хэмжээнээс 2 дахин хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл судалгааг танилцуулах үер хэлсэн үгэндээ судалгаанд хамрагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд хоол тэжээлийн бичил бодисын дутал анхаарал татахуйц өндөр байна. Тухайлбал 5 хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэм дутал 61%, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд 75% байгаа нь жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийг Д аминдэмийн оношилгоо, эмчилгээнд хамруулах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах зэрэг  арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байгаа нь анхаарал хандуулах асуудал юм.

ДЭМБ-ын шинжээчид ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад  чиглэсэн интервенц дотроос давсны хэрэглээг багасгахад зориулсан нэг төгрөгний хөрөнгө оруулалт ирэх 15 жилийн хугацаанд 16.9 төгрөгийн өгөөж өгөх боломжтой гэсэн тооцоо гаргасан  байдаг.

Иймд энэхүү судалгааг ирэх жилүүдэд хоол тэжээлийн талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхойлох, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гол үндэслэл болгон үр өгөөжтэй үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Судалгааны тайланг өөрийн мэргэжил, эрхлэх ажлын хүрээнд бүтээлчээр ашиглах өргөн боломж Та бүхэнд бүрдлээ. Энэхүү судалгааны тайлан нь Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах гол үндэс болсон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах үйлсэд  үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.