“Эрдэнэт”-ийн дансаар гүйлгээ хийгдсэн байхад Ч.Ганзориг, Д.Сугар нар мэдэхгүй хэмээн гүрийсээр байх уу?
2018 оны 3 сарын 5

Өчигдөр УИХ дахь Авлигатай тэмцэх лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая доллар зээлсэн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан бөгөөд асуулгын хариугаа авсныг олон нийтэд мэдээлсэн нь энэ юм. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэдэнд ирүүлсэн хариултаас хэд, хэдэн ноцтой мэдээлэл олон нийтэд ил болоод байна. Мөн олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байсан үнэн, худал нь мэдэгдэхгүй зарим мэдээлэл тодорхой болж баталгаажлаа.

Тодруулбал,

 НЭГДҮГЭЭРТ, Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн дарга болох Ч.Ганзориг компанийн дүрэм, журмыг зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргаж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

ХОЁРДУГААРТ,  2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд ороод гарсан.

ГУРАВДУГААРТ, Уг хэргийг үйлдсэн гэх Ч.Ганзориг, Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа УДАХГҮЙ ДУУСНА. Энэ тохиолдолд эдгээр хүмүүс хариуцлагаас мултрах юм.

ДӨРӨВДҮГЭЭРТ, “Эрдэнэт” үйлдвэр нь Стандарт банкинд яаралтай 103 сая долларыг төлж барагдуулахгүй бол нэг өдрийн зээлийн хүү 900 доллараар нэмэгдэж байна.

ТАВДУГААРТ, Өрийг яаралтай төлж барагдуулахгүй бол бид Эрдэнэт үйлдвэрээ алдаж ч мэдэх хүндхэн нөхцөл байдалтай байна. Учир нь Английн Арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг хурааж, битүүмжлэх шийдвэрийг гаргасан юм.

ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРЭГИЙН ДОХИУРУУД ХЭРХЭН ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРЧ БАЙВ

Монгол улсын хамгийн том бүтээн байгуулалтыг гадны банкинд барьцаалсан асуудлаар олон нийт сэтгэл зовнин Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллахыг анхааралтай ажиглаж байна. Гэтэл эх орны баялагаар гараа угаасан нөхөд хаана, юу хийж яваа нь ч тодорхойгүй. Уг хэргийг гүйцэтгэсэн гэх Ш.Батхүү, Ч.Ганзориг нар чив чимээгүй байсаар.

Тэднээс Д.Сугар нь саяхан хэвлэлд ярилцлага өгснийг эс тооцвол шүү дээ. “Эрдэнэт”-ээр баталгаа гарган зээл авах үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар саяхан ХЭВЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА “Арбитрын шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөр төлөх болсонд харамсч, санаа зовж байна. Ийм байдалд хүргэхэд миний буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр байвал би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” гэж мэдэгдсэн. Д.Сугарын хувьд одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байна. Эрдэнэтийг барьцаалан зээл авч байхад Төрийн өмчийн хорооны дарга нь юу ч мэдэхгүй өнгөрсөн гэдэг нь ноцтой асуудал юм. Д.Сугар гүрийж байна уу эсвэл Ч.Ганзориг, Ш.Батхүү нар бас л хууль зөрчиж дураараа авирласнаас өөр замгүй.

Харин Ч.Ганзориг энэ хэргээс хэдэн жилийн өмнө “…Ш.Батхүү миний гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан байна” гэж хэлээд мултарсан байгаа юм. Д.Сугар тэр хоёр ингэж хэлээд хуулийн байгууллагынхнаас салсан. Гэхдээ тэдний гарын үсгийг Английн арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоочихсон шүү дээ. Хамгийн гол нь Стандарт банкнаас зээлсэн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансаар орсон нь тэднийг ингэж худлаа хэлээд нэмэргүй гэдгийг илтгэнэ. Энэ бол хөдлөшгүй баримт. Угтаа бол Эрдэнэт үйлдвэрийн дансаар мөнгө нь орчихоод гарсан байхад Ч.Ганзориг, Д.Сугар нар “Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэх үлгэр ярьж ард түмнийг мэхлэх гэсний хэрэггүй юм.

Ч.Ганзоригийн хувьд хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд хүү Г.Тэмүүлэн нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Гэхдээ АТГ-аас Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн,  яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа юм.

 Харин Ш.Батхүүгийн хувьд 2013 онд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдоод биеийн байдал нь муудсаны улмаас суллагдсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр хотын тансаг дүүрэгт дугуй унан зугаалж явдаг гэх.

Тэрбээр 2013 оны 7 сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт” үйлдвэрээс батал­гаа гаргуулсан нь үнэн. Ту­хайн үеийн “Эрдэнэт” үйлдвэ­рийн хоёр талын дарга нар зээлийн батлан даагч болох хүсэлт гаргасныг хуулийн дагуу хянаж шалгаад, бо­ломж­­той бол хуулийн батал­­гааг нь гаргаад өгчих гэх цохолт хийж өгсөн. Гэхдээ авсан зээлээ хугацаанд нь төлөөд барагдуулчихсан тул “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүү­гийн өмнөөс зээлийг нь төлөөд, алдагдалд орчихсон зүйлгүй. Манай компани “Эрдэ­­нэт” үйлдвэрт 1997 оноос шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг учраас надад баталгаа гар­гаж өгсөн. Сүүлд авсан зээ­лүү­дийн 97 сая ам.доллар нь “Хадгаламж” банкинд орсон” гэж ярьж байв. Түүнээс хойш уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй өнөөдрийг хүрлээ. 

Энэ бүгдээс дүгнэвэл одоогийн Засгийн газар болон хууль хяналтынхан 2009 онд Ш.Батхүүтэй хуйвалдаж ямар, хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж дээрх зээлийг авав гэдгийг дахин шалгах аваас сонирхолтой дүр зураг бууна. Учир нь, уг зээлийг авахад тухайн үед байсан эрх мэдэл бүхий албан тушаалтнууд одоо МАН-д нөлөө бүхий эрхмүүд болсон.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Ш.Батхүүгийн уг асуудалд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарыг холбон ярьдаг байсан ч Ш.Батхүү дээрх нэр бүхий хоёр эрхмийн гарын үсгийг хуурамчаар ашигласан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Дараа нь шинжээч нар түүний хэлснийг шалгаж үнэн худлыг нь тогтооно хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан ч сураггүй болсон. Харин ч Ш.Батхүүг түр хорьсон болоод Өршөөлийн хуулиар суллачихсан. Эцэст нь улс орноо өрөнд оруулсан нөхөд ямар ч хариуцлага хүлээлгүй чөлөөтэй явж байна. Энэ ажлыг гүйцэтгэсэн нөхдийг хуулийн байгууллагаар шалгах  хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг дуусгахыг хүлээж хав дарсан байна. Хуулийнхан яагаад уг хэргийг олон нийтээс нуусныг иргэд мэдэхийг хүсч байна.

 ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ажлаа хэрхэн гүйцэтгэж буруутай этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулахыг иргэд анхааралтай ажиглаж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.