Автобусуудыг хийн түлшээр ажилладаг болгоход 28.4 тэрбумыг зарцуулна
2018 оны 3 сарын 6

Өвөлдөө тас харанхуйлан бүрхдэг Улаанбаатарын утааг бууруулахын тулд сүүлийн 5 жилд л гэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан нэртэй  ч Улаанбаатарын утаа багасаагүй, харин ч улам доош сууж, хүнд хортой металийн ялгаруулалт нь улам нэмэгдсээр байгааг Агаарын чанарын судалгаа харуулдаг.  Улаанбаатарын утааны 65-70 хувийг гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гардаг нүүрсний утаа эзэлдэг ч өвөл хүйтрэх тусам автомашинууд бензин, түлшээ дутуу шатааж, байнгын асаалттай байдгаас шалтгаалан зуны улирлаас 1.5-2 дахин их хортой утаа ялгаруулдаг аж. Улаанбаатарын гудамжаар түгжрэл үүсгэн сүлжилдэж байгаа автомашинуудаас ашиглалтынх нь хугацаа дууссан нийтийн тээврийн автобусууд хамгийн их хортой утаа гаргадаг нь тогтоогдсон. Энэ ч үүднээс 2010 оноос эхлэн Улаанбаатарын нийтийн тээврийн автобусуудыг дизель түлшээр биш хийн түлшээр ажилладаг болгохоор эхний ажлууд хийгдэж эхэлсэн байдаг. 2011 онд автобусуудыг хийн түлшээр явуулдаг болгохын тулд улсын төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ 2018 онд дээрх ажилд зориулан улсын төсвөөс 28.4 тэрбум гаргахаар болсныг холбогдох албаны хүмүүс мэдэгдэв. Мөн нийтийн тээврийн чиглэлд явж байгаа ашиглалтын хугацаа нь дууссан 46 автобусыг акталж, 60-аад шинэ автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байгааг танилцуулав. Мөн АСЕМ-ын үеэр худалдан авсан автобуснуудаас 50 ширхэг автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтын журмаар явуулж эхэлжээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.