Сэргээш хэрэглэсэн бөхчүүд тайлбар хийв
2018 оны 3 сарын 10

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан билээ. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.

 Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан. Эдгээр бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл, тайлбар хүргэлээ.

Улсын гарьд Ө.Бат-Орших “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашийн тайлбарыг хүргэж байна. Тэрбээр:

‘Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа’ гэжээ.

Бөхчүүдээс допингийн шинжилгээг улсын их баяр наадмын дараа буюу заалны барилдааны үеэр авчээ. Одоогоор Монголын үндэснийн бөхийн холбооноос албан ёсны тайлбарыг өгөөгүй байна.

Допингийн эсрэг үндэсний төвөөс 31 бөхийн шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын \KIST\ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.