Б.Тэлмүүн: Татварын зардлыг бууруулахыг зорьж байна
2018 оны 3 сарын 15

29177792_1791688980852944_1504414794818519040_nСангийн яам Татварын хуулийг шинэчлэх төслүүдийг боловсруулж, хоёрдугаар сарын 23-наас эхлэн олон нийтийн хэлэлцүүлэг эхлүүлээд байна. Аж ахуйн нэгжийн Орлогын албан татварын хуулийн төслийн талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүнтэй ярилцлаа.

Нэг. Татварын тэгш шударга байдлыг хангах гол арга зам нь бүртгэлийн тогтолцоо юм

-Татварын хуулиудад орж байгаа өөрчлөлтүүд ямар зорилготой вэ? Олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байна?

-Засгийн газраас татварын шинэчлэлийн хуулийн төслийг боловсруулан олон нийтэд танилцуулж, улс орон даяар хэлэлцүүлэг эхлүүлээд байна. Энэхүү шинэчлэлээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг таатай болгох, дэмжих, хуулийн ойлгомжгүй, хийдэлтэй, хуучирсан заалтуудыг шинэчлэх, давхардлыг арилгах, хурдацтай өөрчлөгдөж байгаа олон улсын эдийн засгийн харилцаанд нийцсэн татварын шинэ зарчмуудыг хуульчлахаар ажиллаж байна.

Түүнчлэн, татварын ил тод байдлыг хангах, татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг сайжруулах асуудлыг хөндөж байгаа. Мөн хуулийн дагуу ногдуулсан татварын орлогыг татварын алба үр дүнтэй хурааж авах боломж, бололцоог олгох, татварын албыг чадваржуулах ач холбогдолтой. Эцэст нь шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин шударга бусаар “өрсөлддөг”, татвараа хугацаанд нь тайлагнадаггүй, төлөхөөс зайлсхийдэг этгээдүүдтэй тэмцэх зарчмыг баримтлах болно.

Шинэчлэлийн хүрээнд гурван хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах 20 гаруй хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулаад байна. Хуулийн төслүүдээр гуравдугаар сарын 5-аас 20-ныг хүртэлх ажлын өдөр бүр салбарын оролцогчдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг Сангийн яаман дээр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг сонирхсон хүн бүрт нээлттэй.

Мөн Сангийн яамны цахим хуудас болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын фейсбүүк хуудас, твиттерээр бид хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг хүлээн авч байгаа. Улмаар хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэг бүрчлэн бүртгэн, судлах ажлыг хийж байна.
Хэлэлцүүлэг дууссаны дараа шаардлагатай саналуудыг тусган хуулийн төслийг эцэслээд гуравдугаар сарын 26, 27–нд зохион байгуулагдах Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад танилцуулах болно. Хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.

-Нэг хэсэг нь татвараа шударгаар төлж, цаг хугацаандаа тайлагнаж байхад нөгөө хэсэг нь татвараас зугтдаг шударга бус байдлыг хэрхэн арилгах вэ?

-Татварын тэгш шударга байдлыг хангах хамгийн гол арга зам нь бүртгэлийн тогтолцоо юм. Иймд мэдээлэл солилцоо, бүртгэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг хангах асуудлыг хуулийн төсөлд онцгойлон тусгасан.
Цаашид бид бараа бүтээгдэхүүн нь гаалиар орж ирээд зарагдах хүртэл бүх шат дамжлагыг бүртгэдэг байхыг зорьж байна. Та бүхэн анзаарсан бол НӨАТ-ын бүртгэлийн системд тулгуурлан татварын тогтолцоог хөгжүүлэх үзэл санаагаар хуулийн төслүүдийг боловсруулсан.
Тэгш шударга байдлыг хангахын тулд цахим төлбөрийн баримт олгодог ААН-үүдийн хамралтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, цэгцлэх болно. Өөрөөр хэлбэл, мэдээлэл солилцоо, бүртгэлжүүлэх ажлыг сайжруулснаар татвараас зайлсхийх, зугтаах байдал буурна.
Хуульд орж байгаа өөр чухал өөрчлөлт нь төрийн бусад байгууллага болон банк, санхүүгийн байгууллагуудаас хөндлөнгийн мэдээллийг авах, солилцох ажлыг сайжруулах явдал юм. Ийнхүү бүртгэлийн болон санхүүгийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байж татвараас зайлсхийх, зугтах явдалтай үр дүнтэй тэмцэх боломж бүрдэнэ.

-Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош ААН нийт орлогын нэг хувиар татвар төлөхөөр болж байгаа. Энэ босгыг өндөрсгөх боломжтой юу?

-Босгыг өндөрсгөхгүй болов уу. Энэхүү хялбаршуулсан тогтолцоо нь нэг талаас бичил, жижиг, дунд татвар төлөгчийн татварын ачаалал, зардлыг бууруулах, нөгөө талаас бүртгэлийн тогтолцоог сайжруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, ААН-үүдийг татварт жигд, бүрэн хамруулж, шударга төлүүлэхтэй холбоотой механизм юм.
50 сая гэдэг нь НӨАТ-ын суутган төлөгч болох босго бөгөөд босгоос доош орлоготой ААН-үүд хялбаршуулсан татварын горимд хамрагдахыг хүсвэл цахим төлбөрийн системд холбогдох шаардлагыг тавих юм.
Ийнхүү зайлшгүй бүртгэлжүүлэх ажлыг эдийн засгийн хөшүүргээр дэмжиж байгаа хэрэг. Нөгөө талаас, жилдээ нэг удаа тайлангаа гаргах, татварыг хялбараар тооцох боломжийг олгож, бичил, ЖДҮ эрхлэгчид зардлаа хэмнэх орон зайг олгож байна.

-Монголд оршин суугч бус татвар төлөгчийн орлогод 20 хувийн татвар ногддог байсныг 15 хувь болгон бууруулахаар төсөлд тусгасан байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нэг хэлбэр үү?

-Шинэ хуулийн төсөлд тусгасан заалт нь гадаадаас хөрөнгө татах ААН-үүдэд олгож буй дэмжлэгийн нэг хэлбэр юм. Монгол Улсаас эх үүсвэртэй орлогыг гадаадын этгээд олох үед 20 хувийн суутган татварын асуудал хөнддөг. Энэхүү татварын ачааллыг дийлэнх тохиолдолд орлого шилжүүлэгч Монгол Улсын ААН-үүд үүрдэг байснаас дотогш чиглэсэн хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлөх хандлага байдаг.
Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй давхар татварын хэлэлцээрүүдээр 20 хувийн татварыг 5, 10 хувиар тогтоосон байдгийг чадавх өндөртэй, томоохон компаниуд ашиглан татварын ачааллыг багаар хүлээх явдал байсан. Иймд татварын ачааллыг тэгшигтэх, гадаадаас хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор суутган татварын хувь хэмжээ 20 хувь байсныг 15 хувь болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгасан.
Олон улс оронд энэ татвар нь орлогын суурь, түүнийг хамгаалахын тулд байдаг.

Хоёр. Бонд, хувьцаа гаргасан тохиолдолд хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулахаар бууруулж байгаа

-Үнэт цаасны зах зээл дээр хувьцаа босгосон ААН-ийн ногдол ашгийн орлогод ногдуулдаг 20 хувийн татварыг хэд болгон бууруулж байгаа вэ?

-Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бонд, хувьцаа гаргасан тохиолдолд худалдаж авсан этгээдийн ногдол ашгийн болон хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулахаар бууруулж байгаа.
Энэ нь ААН, компаниуд хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрээ хөрөнгийн биржээр дамжуулан босгох нэг хөшүүрэг болох юм. Ингэснээр ААН-үүдийн санхүүгийн хариуцлага, сахилга бат сайжирч, ил тод нээлттэй, хариуцлагатай, тайлагналтай болгох ач холбогдолтой гэж үзэж байна.

-Эрсдэлтэй татвар төлөгчөөс татварыг урьдчилан хураах талаар ямар заалт орж байгаа вэ?

-Татвар төлөх нь Үндсэн хуулиар заасан иргэн бүрийн үүрэг бөгөөд зайлшгүй шинж чанартай байдаг. Иймд хуулийн дагуу нэгэнт ногдсон татварыг бүрэн хурааж авдаг байх нь нэг талаас бидний зорилго болоод байна. Хяналт шалгалтаар ороод дампуурах нь тодорхой, эсвэл татварын өртэй, өрөө төлөхөд хүндрэлтэй болсон ААН-үүд өр үүсгэхээс өмнө хөрөнгөө бусдад шилжүүлээд яг татвар төлөх болохоор хөрөнгөгүй болчихсон байдаг.

Судалгаанаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжсэн татварын өрийн 10 орчим хувь нь барагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, татварын албанаас нэг төгрөгийн өрийг хураах зардал түүнээсээ өндөр байх тохиолдолд олон.
Тиймээс ийм эрсдэлтэй этгээдийг татварын акт гарахаас өмнө буюу хөрөнгөө тараан байршуулж шилжүүлэхээс өмнө ногдуулсан татварыг урьдчилан хурааж байхаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 49 дүгээр зүйлийг шинээр тусгасан.

Энэ зүйлээр дампуурлын хэрэг үүссэн, хөрөнгө албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, татан буугдах шийдвэр гарсан, оршин суух хаяггүй болсон гэх мэт зарим тохиолдолд эрсдэлтэй татварын орлого гэж үзэн урьдчилан хураах юм.

Б.БОЛД “Gereg.mn”

Хариулт үлдээх

Your email address will not be published.