Лиценз сэргээх ямар “үнэтэй” вэ
2018 оны 7 сарын 22

Ганц дайчин ганцаардахгүй буюу Шүүх засаглалыг сөрсөн Х.Нямбаатар

УИХ-ын залуу гишүүдийн нэг Х.Нямбаатар шүүхийн шударга бус байдал, шүүгчдийн хууль бусаар олсон байж мэдэх их хэмжээний орлогын асуудлыг нийгэмд дэлгэн тавиад байгаа. Өөрөөр хэлбэл тэр “Шүүх засаглал” хэмээх төрийн том институцийн эргэлзээтэй байдлын эсрэг  ганцаараа  тэмцэж байгаа. Үүнийхээ төлөө ширүүн дайралтад өртөж байгаагаа хэвлэлд  ярьж үүсээд буй эргэлзээг нэг мөр тайлж, ил тод  болгоход цаг хугацаа хэрэгтэй байгаагаа учирласан.

Цэнхэр дэлгэцээр цензургүй ярьсаныхаа төлөө Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шаардлага мэдэгдлийг хүлээж авсан ч өөрийгөө хэн нэгнээс, тэр тусмаа ШЕЗ-өөс уучлалт гуйх шаардлаггүй гэдгээ мэдэгдэж, зарим ноцтой баримтуудыг  ил болгож прокурорт шалгуулахаар хандана гэдгээ илэрхийлсэн.  Хэлсэн үгэндээ эзэн болно гэдгээ ингэж илэрхийлсэн тэрбээр өчигдөр  Төрийн ордонд мэдээлэл хийж  зарим нэг ноцтой гэмээр асуудалтай холбоо бүхий этгээдүүдийн /шүүгч нарын/ хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ хэлсэн.

Мэдээж энэ бол шударга ёсны асуудал бөгөөд  ингэж шалгуулж нягтлуулах нь эргэлзээг нэг тийш болгож, нийгэмд үүсээд буй буруу зөрүү ойлголтыг засч залруулах учиртай гэснийх. Тэгснээс заавал хэн нэгэн эсвэл хэсэг шүүгчдийн мууг үзэх гэсэн  явдал биш. Үнэхээр манай шүүгчид гэм зэмгүй, шударга хөдөлмөрөөрөө хөрөнгө чинээтэй болж, тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй  River Garden-д амьдарч байгаа бол түүнийг нь олон түмэн мэдэж аваг л даа.  Энэ нь  шалгуулж байгаа, шалгагдаж байгаа хоёрын хэн хэн нь эмзэглэх  асуудал бус. Шүүгч нар энэ далимаар өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” гэдгээ нотлуулаад авбал ядахнаа иргэдийнхээ дунд сэвтсэн нэр нүүрээ сэргээнэ шүү дээ.

Энэ жилийн хамгийн баян шүүгчээр тодорсон УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийнхээ талаар хэвлэлд тайлбар өгсөн байна лээ. Энэ мэтээр юм тодорхой болох нь манайхан шиг хар сэрээр хооллож, харааж зүхэж “ханамж” авдаг хүмүүст тустай байхгүй юу.

Бүхэл бүтэн хүчирхэг засаглалын шударга ёсны төлөө хийж байгаа Х.Нямбаатарын тэмцэл өнөөдөр харагдах өнгө нь  ганц дайчин ганцаардахгүйг сануулж буй ч ард түмэн ар талд нь байгаа. Тийм болохоор тэр ганцаардахгүй гэсэн үг.

Лиценз сэргээх ямар “үнэтэй “вэ?

Эрхэм гишүүний ил цагаан болгож, УЕП, АТГ-т ХОМ-ыг нь шалгуулахаар хүсэлт гаргасан 22 шүүгчийн нэр усыг зарлана гэдгээ дуулгасан. Эдгээртэй холбогдох баримт сэлтээ цахим орчинд байршуулах юм байна. Түүний өчигдрийн мэдээлэлд  эхэлж дурдагдсан  асуудал бол  ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байгаа тухай байлаа.

Тодруулбал, 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргэж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах  асуудал энд яригдаж байгаа юм. Энэ хүрээнд нийтдээ  36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байна. Тэдгээр компаниудын нэр ус ч удахгүй тодорхой болох аж.

Тухайн салбарын ажлыг төрийн өмнө хариуцаж байдаг салбарын агентлаг буюу Ашигт малтмалын газраас цуцалсан  тэдгээр лицензийг эргэн сэргээсэн нь анхаарал татах асуудал мөнөөс мөн. Ингэхдээ дандаа Монгол Улсын эрх ашгийн эсрэг шийдвэр гарч байсан гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцлоод байгаа юм. Ингэхээр шүүгчид хэний эрх ашгийн төлөө цуцалсан шийдвэрийг эргэн сэргээх болов гэдэг нь ардаа асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм.  Шүүгчдийн энэ шийдвэрийн цаана ашиг сонирхлын зөрчил, авлига байгаа юм биш биз гэсэн хар сэр дагалдах шалтгаан энэ мэт.

Өчигдөр энэ тухай мэдээллийн араас олон нийтийн дунд лиценз сэргээх ямар үнэтэй байж  таарах вэ гэсэн асуулт давалгаалаад өнгөрнө билээ. Автобусны буудал, хоолны ширээний ард энэ сэдвээр ярилцаж буй хүмүүстэй таарав.

Үнэхээр тэр 36 компанийн  сэргээгдсэн лицензүүд “үнэтэй” байсан эсэх нь удахгүй шалгагдаж тодорхой болох байх гэж найдах л үлдэж байна даа.

Ямартай ч шалгуулах хүсэлт гаргаад байгаа эрхэм гишүүн Х.Нямбаатарын тодотгосноор “Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа” хэмээн тодотгосон байна билээ.

Г.Хантулга

Хариулт үлдээх

Your email address will not be published.