Хөгжлийн амбици
2019 оны 5 сарын 18

Монгол хүн бүхэнд өөрийн гэсэн мөрөөдөл бий. Харин тэрхүү мөрөөдлийн нийтлэгийг монгол мөрөөдөл гэж тодорхойлж болох юм. Үнэндээ бид хэдэн жил “хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж дороо холхиж, доошоо суух билээ. Чухам тиймээс л өмнөх парламентын үед 2016 онд тухайн үеийн УИХ-д суудалтай бүх намууд ойлголцож зөвшилцсөний эцэст  “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх хөгжлийн бодлоготой болсон.

Монгол үндэстэний хөгжлийн амбици гэж нэрлэж болох энэ бодлогыг хэрэгжүүлснээр хүрч болох үр дүнгээ тооцож гаргасан. Нэг ёсондоо хөгжлийн барианд ямар хурдтай, ямар амжилттай орохоо тооцсон гэсэн үг.

Шилжилтийн гэх он жилүүд хямралын гэх нэршилээр солигдож, энэ тоолонд хүмүүсийн ирээдүйдээ итгэх урам зориг унтарч, ир нь мохож ирсэнийг нуух юун. Харин одоо энэ итгэлийг өнөөгийн эрх баригчид асаах цаг нэгэнт болсон. Эс бөгөөс дараагийн сонгуулийн сорилт, сонгогчдын сонголт тэднийг улс төрийн тавцангаас хуугаар нь буулгаж мэднэ.

Тэгвэл бидний монгол мөрөөдлийг хэрэгжүүлэх амин сүнс болсон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д чухам ямар зорилтууд туссан бэ гэдгийг эргэж нэг санацгаая.

Мөнөөх бодлогын оршил хэсэгт “Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно” хэмээжээ.

Үүнийг илүү тодруулбал “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ” гэсэн байх юм. Бас түүний тулд 2016-2030 онд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй байна гэжээ.

Ямартай ч хасах руу уруудаж байсан эдийн засаг өнгөрсөн онд 5,3 хувиар өсөж өеөдсөн хөгжил өндийж эхэллээ. Хэрвээ энэ эрчээ хадгалж, бас илүү жаахан хурд нэмээд өгчихвөл 2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгон, орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна гэсэн том амбици бодит биелэлээ олох учиртай.

Хөгжсөн орнуудад л хүний наслалт өндөр байдаг. Хэрэв бид нэгэнт сонгосон, бас яаж хүрэхээ тодорхойлсон хөгжлийн замаасаа гажихгүй бол монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг бүрэн хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх боломж ойрхон байгаа. Түүгээр ч зогсохгүй бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно гэсэн зорилтоо биелүүлэхэд тийм ч хол биш.

Ямар ч хүнд сайн бас муу чанар байдаг шиг ямар ч Засгийн газарт зөв бодлого, бас алдаатай шийдвэр бий. Харин энэ бүхэнд авах гээхийн ухаанаар хандаж зөв сайн бодлогыг нь улс төржин гацаалгүй залгамжилж, харин алдааг нь газар авахуулалгүй даруйхан засаж залж явах нь монгол төрийн жолоог атгаж буй хэн бүхний чиг үүрэг нь.

2009 онд батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрөөс 100 мянган айлын орон сууц барих, бүх аймгийн төвийг нийслэлтэй засмал замаар холбох зорилт өнгөрсөн 10 жилийн дотор үндсэндээ хэрэгжсэн. Хэрэв энэ зорилт хэрэгжээгүй бол гамшиг болсон Улаанбаатарын утаа өнөөгийн түвшнээс ч илүү аймшигтай нөхцөлд хүрэх байсан биз. Хот хөдөөг хар замаар холбож, хөдөөгийн сумдад гэрэл цахилгаан оруулаагүй бол олон аймаг сум ор хоосортлоо эзгүйрэх байсан ч байж магад.

Уг нь тэрхүү хөтөлбөрийг улам сайн хэрэгжүүлж, бүсийн 8 тулгуур төвөө хөгжүүлсэн шиг хөгжүүлчихсэн бол өнөөдөр бид энд хотын утаа түгжрэлд уур уцаараа барж, хөдөөнөөс шилжин ирэгсэдийг нүд үзүүрлэн, хөмсөг зангидан суухгүй л байх байлаа.

Юутай ч одоо бидэнд хөгжилд хүрэх газрын зураг болсон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэсэн монгол амбици байна. Энэ бол нэг ёсондоо хэрхэн хөгжих вэ, түүний тулд юу хийх ёстой вэ гэсэн хуульчлагдсан баримт бичиг.

Энэ зарчим, энэ замаасаа хазайхгүй байж чадвал, ямар ч Засгийн газар гарсан Үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа үүнийг суурь дэвсгэрээ болгож хэвшвэл, бас хэрэгжүүлээд явчихвал монгол мөрөөдөл биелэх цаг мөдгүй.

Хүний нутгийн хөгжлийн галт тэргэнд гар өргөн сууна гэж дэмий мөрөөдөж суухаар уяан дээр үүрсэх гуурст хүлгээ давиран өөдөө жигүүр дэлгэн тэмүүлэх цаг өнөөдөр биш гэвэл чухам хэзээ гэж.

Монгол хүний бүрийн хүсэл сэтгэлд цалгин давлах хөгжлийн амбици гэвэл энэ л байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.