Иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна
2018 оны 4 сарын 14

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байгаа. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр буюу өнөөдөр дуусах бөгөөд маргааш Хотын дарга  С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулах аж.

Тодруулбал, нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад түгжрэлийг буруулах зорилгоор долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг хотын захиргаанаас гаргаж, иргэдийн санал асуулгаар шийдэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан бид өөрийн сайтаараа дамжуулан иргэдийн дунд санал асуулга явуулсан юм.

Манай сайтаар авч буй санал асуулгад оролцсон дийлэнх иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, санал асуулгад өнөөдрийн /2018.04.13/ 08.30 цагийн байдлаар нийт 3727 хүн оролцсоноос 79 хувь буюу 2945 хүн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна гэсэн бол 14.1 хувь буюу 527 хүн нэгдүгээр хувилбарыг дэмжиж байна гэжээ.

  • Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй байх  саналыг 527 хүн дэмжээд байна.
  • Харин  хоёрдугаар хувилбар болох Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9,7 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах саналыг 137 хүн дэмжжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.