“Цалингийн хөлсний доод хэмжээг инфляцитай уялдуулах боломжтой”
2018 оны 4 сарын 13
2018-04-13-Улс төр

d9cc9006-eea1-41b3-93d8-3c2402af5fb2


УИХ-ын чуулганы өнөөдөр /2018.04.13/-ийн хуралдаан  50,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт горимын санал гаргасан.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах горимын санал гаргаж байна. Хөдөлмөрийн хуульд үйлдвэрчний эвлэлийн тухай оруулах гэж байгаа бол Үйлдвэрчний эвлэлүүдийн хуулийг эхлээд өөрчлөх нь зүйтэй. Тэдний хууль БНМАУ-ын үед баталсан анхны хувилбараараа явж байна. МҮЭХ өнөөдөр БНМАУ-ын үед батлагдсан анхны хувилбараараа өнөөдрийг хүрсэн. Энэ хуулийнхаа жагсаал, цуглаан гэх заалтыг хэрэгжүүлдэг. Бусдыг шантаажилж орлого олдог байгууллага болсон. Тиймээс энэ хуулийг хойшлуулж, дахин чамбайруулах шаардлагатай байна” гэсэн санал гаргалаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Энэ хууль зөвхөн өнөөдөр хэлэлцэгдэж байгаа хууль биш. Олон жилийн өмнө хэлэлцэгдэхээр УИХ-д оруулж ирсэн ч тодорхой шалтгаанаар орж ирэхгүй яваад байсан. Байнгын хорооны зүгээс 100 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тиймээс МҮЭХ-той холбоотой заалтуудыг ажлын хэсэг байгуулан санал солилцож байгаа учраас байнгын хороо болон ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдэх нь зүйтэй гэсэн бодолтой байна” гэлээ.

Гэвч горимын санал дэмжигдээгүй учраас ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн юм. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуултдаа хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулж орж ирж байгаа нь цаг үеэ олсон гэж бодож байна.  Хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг хуульд хэрхэн тусгасан бэ. Зах зээл бодит хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох, бодит үнэлэмж зах зээлтэйгээ нийцэж байгаа юу  гэсэн асуулт асуулаа. Үүнд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байгаа нэг өөрчлөлт нь цалин, хөлсний асуудлыг шинэчлэн тогтоох, ижил үнэлэмжтэй ажил гүйцэтгэж байгаа ажилтан ижил хэмжээний цалин авах, инфляцийн түвшинтэй холбогдуулж цалингийн доод хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг ижил түвшинд байлгах зэргийг шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.