“Цалинг ур чадвар, ажлын онцлогтой нь уялдууна”
2018 оны 4 сарын 13

d9cc9006-eea1-41b3-93d8-3c2402af5fb2“Нийтээр амрах өдөр амралтын өдөр таарвал нөхөж амраана”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нийт гишүүдийн 75.6 хувийн саналаар дэмжлээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монгол Улс олон улсын хөдөлмөрийн конвенцийн шаардлагыг нийцүүлж, хуулиа оруулж ирж байна гэж харж байна. Нөгөө талдаа хуулийн зорилго аж ахуй нэгж, ажилчдын хоорондын дотооддоо журмаар зохицуулах боломжуудыг нээсэн байна. Нөгөө талдаа ажил олгогч, ажилчдын хоорондын маргаан 89 хувьтай явж байна. Өөрөөр хэлбэл, ажил хаялтыг уриалсан, тэр боломжуудыг нэмэгдүүлсэн хэд хэдэн заалт байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ нь эмх замбараагүй байдалд турхирах вий гэсэн болгоомжлол байна. Түүнээс гадна шүүхийн практикт маргааны олонх нь ажилтны зөв гэсэн шийдвэр гаргадаг. Үүнийг хуулиар зохицуулалт хийх нь зүйтэй. Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг сонирхлын, эрхийн маргаан их байдаг. Гэхдээ маргааныг аль болох хуулийн хүрээнд зохицуулах асуудлыг тусгаж байгаа. Мөн ажил хаялттай холбоотой асуудлыг өргөжүүлээгүй. МҮЭХ-оос ажил хаялтыг хязгаарлаж байна гэх шүүмжлэлтэй хандаж, түр ойлгож чадахгүй байгаа. Цаашид энэ талаар ажлын хэсгийн хэмжээнд ярилцана. Сонирхлын маргааны үед ажил хаях, эрхийн маргааны үед ажил хаялт зохион байгуулж болохгүй гэх зохицуулалт оруулсан боловч МҮЭХ зөвшөөрөхгүй байгаа. Харин хүүхдийг 15 наснаас хөдөлмөр эрхэлж болно гэсэн заалт оруулж. Харин 13 нас хүрсэн хүүхдийг хөнгөн ажил хийх, дадлагажих тодорхой жагсаалтын дагуу хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хамгийн явдалтай хууль бол Хөдөлмөрийн хууль байдаг. Нийгмийн бүх давхаргын эрх ашиг хоорондоо харшилддаг. Ажил олгогч, ажилтны эрх ашгийг тэнцвэржүүлэх вэ гэдэг анхаарлын төвд байдаг учраас маргаан дагуулж байгаа. Монголд үйлдвэрчний хөдөлгөөн 1920-иод онд байгуулагдсан ч өнөөгийн МҮЭХ-г төлөвшүүлж чадаагүй байгаа бид. Энэ парламент зөв тэнцвэрийг зохицуулах шаардлага байна. Ажил амралтын цагийн нийлбэрийн харьцааг бусад орны жишигтэй ижил байна уу. Хүмүүсийн дунд амралт их байна гэх шүүмжлэл яваад байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Ажил амралтын цагтай холбоотой өөрчлөлт оруулаагүй. Долоо хоногийн ажлыг цаг 40 цагаас илүүгүй, ердийн өдрийн цагийн ажил долоон цаг гэж байгаа. Нийтээр амрах өдөр амралтын өдрүүдэд таарсан бол ажлын нэг өдөр нөхөж амардаг байх зохицуулалт оруулж өгсөн. 12 жилийн дунджаар үзэхэд нийтээр амрах өдөр жилд гурав өдөр нь амралтын өдөртэй давхацдаг юм билээ. Тиймээс ийм зохицуулалт оруулж өгсөн. Нийтээр амрах өдөр долоо хоногийн амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлдэг амардаг туршлага олон оронд байдаг. Нөгөө талаар олон амралтын өдөртэй буюу 14 хоногоос дээш бүх нийтийн амралтын өдөртэй 127 орноос Монгол Улс эхний 30-д багтаж байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс энэ асуудлыг  ажлын хэсэг дээр дахин ярилцана.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ажилтны эрх ашгийг маш сайн хамгаалсан хууль байна. Энэ олон шаардлагыг хэн дааж шинээр ажлын байр бий болгох вэ. Тэнцвэртэй хандсан гэж байгаа нь ямар заалт байгаа юм бэ. 100, 500, 1000-аас дээш ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг хөдөлмөрийн хуулиар яаж дэмжих зохицуулалт оруулж байгаа юм бэ. Ямар ямар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна вэ. Цалин хөлс тавьж үзээгүй, нэг ч татвар төлж үзээгүй хүмүүс боловсруулсан хууль учраас дэмжих боломжгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай олон жил зөвлөмж авч ажиллаж байгаа. Зөвхөн зөвлөмжөөр бус Монголын хөрсөнд буусан, ажил олгогч, ажилтны эрх үүргийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж гэж бодож байна. Энэ хууль өөрөө аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой. Ажил олгогч, МҮЭХ зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч, санал солилцож, саналыг нь тусгахыг хичээж, ажлын хэсгийн хүрээнд ойлголцоогүй саналуудаа тусгахаар ажиллаж байна. Ажил хаялтыг өргөжүүлсэн зүйл байхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Зөвхөн сонирхлын маргааны үед ажил хаялт хийх зохицуулалт оруулж өгсөн. Аль аль талынх нь эрх ашгийг тусгах гэж хичээсэн гэж бодож байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульдаа тусгаж болохгүй юм уу. Энэ нь ажил олгож байгаа, ажилтанд нь ч ашигтай байдаг.

Ажлын хэсэг:

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтоодог. Засгийн газар дангаараа тогтоож ирсэн. Сүүлд 2011 онд ажил олгогчдын төлөөлөлтэй олгож байгаа. Хуульд тодорхой тоо тогтоож болдоггүй. Тодорхой хүчин зүйлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог. Энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлыг ярилцана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахтай холбоотой тухай албан байгууллагын ажлын нөхцлийг сайжруулах төсөл явж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Хөдөлмөрийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Гишүүдийн гол хэлж байгаа зүйл ажлын байр бий болгоход Хөдөлмөрийн хууль чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь сүүлийн 20 жил ажлын байрыг олноор бий болгож байсан туршлага байна уу.  Мөн нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь албан бус салбарт ордог. Албан бус салбарт ихэвчлэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг. Энэ төсөлд албан бус салбарын ажилчдыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар оруулж ирсэн байна. Энэ талаар  тодорхой тайлбар хэлнэ үү

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-2006-2007 онд Засгийн газар 80 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэж төлөвлөгөө гаргаж, 75 мянган ажлын байр бий болгосон байсан. Энэ үе нь хамгийн их ажлын байр бий болгож байсан.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хурааж, дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, хариулт үргэлжилж байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хөдөлмөрийн хуулийг дагаж жендерийн тэгш байдлыг хуульд хэрхэн зохицуулж байгаа вэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил түвшний ажил эрхэлж байгаа боловч өөр цалин авах тохиолдлууд олон байна. Түүнээс гадна эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт ажиллаж байгаа ажилчдын

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой дагалдан ажиллах, хүний оронд ажиллаж байгаагаас бусад тохиолдолд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт оруулж байгаа. Хөдөлмөрийн харилцаа үүсч эхэлсэн цагаас эхлэн хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Түүнээс гадна одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар эр, эмэгтэй хүнд ижил хэмжээний цалин хөлс олгон гэсэн зохицуулалт бий. Үүнийг ижил хэмжээний ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд ижил хэмжээгээр цалин олгоно гэж өргөжүүлж оруулж өгсөн. Ер нь бол ур чадвараас хамаарч цалин, хөлс олгодог тогтолцоо руу орох нь зүйтэй гэсэн шинэ зохицуулалтуудыг хуульд тусгаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн хэдэн хувьд энэ хууль хамаарах вэ. Хувийн хэвшил, төрд ажиллаж байгаа хүмүүс, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цалингийн тогтолцоонд ямар бодит дэвшил гаргах вэ. Монгол хүн нэг цагт оногдох цалин хөлсний хэмжээгээр маш багад тооцогддог. Гэх мэт хууль өргөн барихын өмнө хийгдсэн судалгаанууд байна уу. Түүнээс гадна хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд маш их цаг хугацаа алддаг, хоёр хуулиар зохицуулагддаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Монголд 1,2 сая ажиллагсад бий. Үндэсний статистикийн холбооноос гаргасан судалгаагаар 400 орчим мянган хүн албан бус секторт ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг. Төрийн албан хаагчид, эмч, багш гээд бүгд ижил цалин авдаг тогтолцооноос салах цаг болсон. Ажлын онцлог, ажлын байрны нөхцөлөөс шалтгаалж цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тиймээс эрүүл мэнд, багш нарын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаа судалгаа хийгээд эхэлсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Түүнээс гадна хөдөлмөрийн тухай хуультай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хийх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга ажилгүйдлийг бууруулах чухал үүрэгтэй гэж ойлгож байгаа. Мэдээж ажилгүйдэл эдийн засгийн өрөөсгөл бүтэц, эдийн засгийн нөхцөл гэх мэт олон чухал нөлөөлөл бий. Энэ оруулж ирж байгаа шинэчилсэн найруулгад тулгамдаж байгаа асуудлыг шийдэж байгаа юм шиг хэрнээ шинэ асуудлуудыг хөндөж, улам хүндрэл бий болгохоор харагдаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөтгөж байна. Гэхдээ дадлагажигч, түр ажиллагч, цагийн ажилтан зэрэг хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах биш, ажлыг нь багасгаж байгаа юм биш үү. Ажлын байрны уян хатан биш зохицуулалтыг тусгаагүй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг хөндөж байна. Залуучууд сурч, боловсрохын зэрэгцээ ажил эрхэлдэг болох, бүрэн бус цагаар ажиллаж байгаа хөдөлмөрийн хөлсийг нь шинээр зохицуулж өгсөн. Хөдөлмөрийн харилцааг хэрэгжиж эхэлсэн л бол цалин урамшууллыг олгохоор тусгасан. Дагалдан болон туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг гурван сар хүртэл хугацаагаар дагалдуулж, туршина гэж хуульд тодотгож өгсөн. Өмнөх хууль ажилтны эрх ашгийг илүү их хамгаалсан хууль гэж аж ахуй нэгжүүдээс гомдол их ирдэг. Бид аль болох хоёр талын эрх ашгийг тэгш байдалтайгаар оруулж ирж байгаа.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.