Бөхийн өргөө рүү хүч хэрэглэн дайрах цаад шалтгаан юу вэ
2018 оны 4 сарын 16

– Аварга А.Сүхбат  тэргүүтэй бөхчүүд  Бөхийн өргөө рүү харанхуй шөнөөр дайрчээ-

МҮБХ-ийн холбоонд  үүсээд байгаа үл ойлголцол, талцалыг бөхчүүд өөрсдөө дотроо ярьж хэлэлцэж учраа олоё гэцгээж байгаа. Энэ талаар улсын заан Б.Сайнбаяр  “Бөхийн холбоонд үүсээд байгаа энэ маргааныг бөхчүүд дотооддоо яриад шүүхийн шийдвэрийг нэг талдаа гаргах бүрэн боломжтой” хэмээсэн нь   асуудлыг шийдэх боломжит  хувилбар, арга зам  гэж  ойлгогдож байгаа юм.   Гэтэл бөхчүүдийн дотоод асуудалд улстөрчид орчихсон, тэд ил далд нөлөөлж байгаа нь даарин дээр давс нэмнэ гэгч болж, сөргөлдөөниг дэвэргэж, хагаралыг гүнгийрүүлж байна. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар  ирж, үүсээд буй асуудлыг  МҮБХ-ны өмнөх тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Данзан нартай холбон ярина билээ.

Гэтэл энэ хоёр хүн өнгөрсөн сарын сүүлчээр болсон МҮБХ-ны YIII Их Эеийн хуралдааны үеэр ажлаа тайлагнаж,   шинээр сонгогдсон удирдлагын багт  ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Одоо энэ хоёр хүн МҮБХ гэдэг байгууллагатай огт хамааралгүй  учраас яриад байх зүйл байхгүй.

Тэд явж, оронд нь  аварга Б.Бат-Эрдэнээс гадна  Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын  эрч хүчтэй залуучууд удирдлагын багт орж ирсэн. Энэ тухайд сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Ийм эрч хүчтэй залуучууд МҮБХ холбооны удирдлагад сонгогдсонд баяртай байна. Тэд бол тус холбоог бүрэн дүүрэн удирдаж, монгол бөхийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж чадах хүмүүс” гэсэн байр суурь илэрхийлж байсан билээ.

МҮБХ-ны шинэ удирдлагууд энэ сарын 10-ны өдөр Гацууртын Л.Чинбаттай уулзаж  Монгол бөхийн аварга Ж.Мөнхбат  таалал төгссөн энэ үеэр  их аваргадаа хүндэтгэл үзүүлж, бөхчүүд  дотроо хэрүүл шуугиангүй байх талаар ярилцжээ. Гэтэл үүний маргааш нь буюу 11-ний өдөр “Бид 2018 оны 4 сарын 18-ны бямба гаригт өөрийнхөө  өмчийг авахын  тулд  дайрч авна. Хамгаалалтын албадуудтай гэрээ хийж, 80-90 хүнтэй Бөхийн өргөөнд дайрч орно, өмчөө авна” хэмээн мэдэгджээ.

Үүний дараа наймдугаар Их Эеээс сонгогдсон МҮБХ-ны тэргүүн аварга  Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй  холбооны удирдлагууд нөгөө талтайгаа уулзаж ярилцах саналаа мөн хүргүүлжээ. Харамсалтай нь тэд энэ саналыг хүлээж авсангүй, шууд хүч хэрэглэнэ гэсэн хандлагаар хариу барьсан байх юм. Уг нь хүн хэлээрээ мал хөлөөрөө гэсэн үгтэй сэн.

Гацууртын Л.Чинбатыг дэмжигч хэсэг бөхчүүд  яг л чоно борооноор гэдэгчлэн өчигдөр орой буюу баасан  гарагийн шөнө харанхуйгаар бөхийн өргөө рүү нэр бүхий бөхчүүд  дайран оржээ.  Тухайлбал, аварга А.Сүхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь,  Бат-Орших тэргүүтэй Увсын голдуу  бөхчүүд харанхуйгаар  бөхийн өргөөг булааж авахаар дайран ороод байгаа ажээ.

Монголын  босоо аварга таалал төгсч өчигдөр эцсийн замд нь үдсэн. Гэтэл тэд  тэр орой нь бөхийн дэвжээнд нь эзэн суухаар ийнхүү хүч түрэмгийлэн орж ирж хэрүүл маргаан үүсгэсэн нь дэндүү харамсалтай, ёс зүйгүй үйлдэл боллоо.

Эр хүний ноён нуруу, ёс жудагийн үлгэрлэл хэмээн хардаг монгол бөхчүүдийн маань нэг хэсэг нь ийнхүү ёс хүндэтгэлийн  гадна хальтирч гишгэсэн нь харамсалтай.

Аливаад учир холбогдол гэж бий. МҮБХ хэмээх энэ төрийн бус байгууллага руу ингэж үхэн хатан шунаж, нэр төрөө сэгсэрэх  шалтгаан юу вэ. Үнэхээр монгол бөхийг хөгжүүлэх гээд байгаа юм уу. Үүнийг олон нийт огт өөрөөр харж байгаа юм.

 Тухайлбал, Улаанбаатарын ганц гол гудамж  буюу Энхтайваны өргөн чөлөөнд байрлалтай   ард түмний хөрөнгө хандиваар боссон энэ өргөөнд эзэн суух л шунал цухалзаж суунаглаад байгаа юм. Бөхийн өргөөний эргэн тойрны газар, олон замын зангилааны уулзвар гээд тэр сайхан байрлал  анхаарал татахгүй байж чадна гэж үү.

Л.Чинбатыг дэмжигч гээд байгаа бөхчүүдийн ааш авираас харахад иргэдийн ингэж хардах нь талаар бус юм шиг байна.

Г.Ханболор

Хариулт үлдээх

Your email address will not be published.