Д.Сумъяабазар: Рио Тинтогоос захиа ирээгүй
2018 оны 4 сарын 17
Д.Сумъяабазар:Рио Тинтогоос захиа ирээгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай”  уул уурхай мэдээллээ хийлээ.  Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Үндэсний баялгийн сангийн тухай” товч мэдээлэл өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Олон улсад үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж, хуримтлал бий болгодог жишиг бий. Сингапур, Казакстан, Норвеги зэрэг орнуудтай баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж, ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг бид харж болно. Өнөөдөр Казакстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах  зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Бид ч гэсэн баялгийн сангийн тухай ярих цаг болсон. Үүний өмнө олон орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. Баялгийн сан гэдэг нь Үндсэн  хуульд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг заалтыг хэрэгжүүлэх, гол үндэс нь. Тиймээс баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Ирээдүйн сангийн тухай хууль бол хуримтлал. Хэзээ, хэдийд яаж менежментийг сайжруулах вэ гэдэг дээр Сангийн яам ажиллаж байна. Бид цаашид ирээдүйн өв сангийн хуримтлалыг бий болгох вэ гэвэл уул уурхайн салбараас гэж би бодож байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн  бүтээгдэхүүн болон  ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. Энэ үнэ бидний хүлээхгүй. Тиймээс энэ боломжийг ашиглахгүй бол ирээдүйн 10 жилд бидэнд боломж олдохгүй. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна. Түүний тулд бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь сайжруулах шаардлагатай байгаа юм. Бид 13 тэрбум төгрөгийн эдийн засгаа өсгөх боломж байна. Олон улсын зах зээл дээрх үнэ ч бидэнд боломж олгож байна гэж харж байна. Үндэсний хуримтлалын сангийн тухай болон баялгийн сангийн хуулиудыг УИХ-ын гишүүн болон Засгийн газрын түвшинд ч дэмжиж байгаа. Уул уурхайн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийн асуудал маш чухал. Тэр дундаа цэвэр усны нөөцийн асуудал нэн тэргүүнд шийдэх  асуудал юм. Түүнийг дагаж бусад дэд бүтцээ хөгжүүлээд явах нь нэн чухал.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд гаднаас авах санхүүгийн тооцоо, судалгаа хийгдсэн үү?

-Одоо яг тооцоо, судалгаагаа хийж байна. Гэхдээ энэ үйлчилгээ одоохондоо үнэтэй байж болно. Гэтэл бид хямд өртгөөр хийх гэж байгаад тэрнээс их хэмжээний мөнгө алдах вий гэдгийг бодох хэрэгтэй. Одоо бид ямар  үнэ цэнээр ирээдүйн сангаа бий болгох вэ гэдгээ бодох хэрэгтэй.

-Сая айлчлалын үр дүн ямар байв. Мөн БНХАУ-ын Петрочайна компанийн удирдлагуудтай бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар тодорхой мэдээлэл солилцсон уу?

-Айлчлалын хүрээнд БНХАУ-ын тал бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид Монгол Улсын хил хязгаар, шашин, тусгаар байдал зэрэг асуудлыг хүндэтгэнэ гэдгээ хэлсэн. Тэгэхээр бид хөрш, зэргэлдээ орнууддаа ашигтай байдлаар цааш явах ухаанаар бодлогоо гаргаж явах ёстой гэж бодож байна. Өчигдрөөс эхлэн Гашуунсухайт боомтоор хил нэвтрэх нүүрс тээвэрлэгч машины тоо нэмэгдэж эхэлсэн. Энэ тоо ч цаашид ч нэмэгдэх байх. “Петро чайна” ХХК-тай хийсэн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрснээс 268 мянган тонн нүүрс дутагдсан гэх мэдээлэл гарч байсан. Энэ ямар шалтгаанаар дутсан байна вэ?

-268 мянган тонн нүүрс алга болсныг мэргэжлийн байгууллагууд судалж, ажиллахаар ажлын хэсэг байгуулна. Ийм хэмжээний нүүрс яагаад дутсан, түүнийг шалтгааныг олох ёстой, бид ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн мэдээлэл өгнө.

-Оюутолгойн  гэрээтэй холбоотойгоор хоёр ч Ерөнхий сайдыг хорьсон, хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Рио Тинто компаниас Засгийн газарт ямар нэг мэдээлэл ирүүлсэн үү?

-Оюутолгойтой холбоотойгоор хүмүүс өөр өөрсдийнхөөрөө таамаглаж байна. Би бол Оюутолгойн анхны гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага холбогдох шийдвэрээ гаргах байх. Ер нь бол Оюутолгойн гэрээ ямар  нэг байдлаар гацах, саад бэрхшээл тулгарч болохгүй гэж бодож байна. Одоогоор Рио Тинтогоос манай яаманд ямар нэг тайлбар, мэдээлэл хүссэн бичиг, захиа ирээгүй байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.