Засгийн газар руу дайрах дайралт буюу хэн, юу гэж хэлэв
2018 оны 4 сарын 26

Сүүлийн өдрүүдэд зарим улс төрчид Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж ярих болов. Сөрөг хүчин Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндчихсөн байгаа энэ үеийг эрх баригчид маш сайн ашиглаж галыг нь өрдөж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын хагарал дээд цэгтээ тулж Засгийн газраа огцруулах асуудлыг хөндөх гэж буйг энэ өдрүүдэд болж буй зарим үйл явдлаас харж болохоор байгаа юм.

Тэд АН-аар шүгэл үлээлгэж өөрсдөө ард нь нуугдаж буй

УИХ дахь АН-ын бүлгээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээ  мэдэгдсэн. Ерөнхий сайдыг энэ хоёр сайдаа өөрөө огцруулахыг шахаж байна гэсэн үг. Мэдээж Ерөнхий сайд хоёр сайдаа явуулахгүй. Харин түүгээр нь далимдуулан дараагийн шантаажийг хийх дүр зураг харагдаж байна.

Сөрөг хүчин шаардлагадаа

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АТГ-т шалгагдаж байгаа “Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь “Жаст”-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр “Төрийн банк”-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, “Төрийн банк” дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон гэж бичжээ.

АН-ын гаргасан энэ санааг МАН-ынхан хэрхэн үргэлжүүлэхийг энэ хаврын улс төрөөс харж болохоор нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ МАН-ынхан Засгийн газраа огцруулбал 2020 оны сонгуулиар АН шиг есөн суудалтай зогсож мэднэ. Ес ч үгүй зогсож ч мэдэх юм. Тэдэнд өөрсдийнхөө ухсан нүхэнд унах шаардлага бий гэж үү. Нэг жилийн хагасын хугацаанд сайдын эрх мэдэлтэй байхын тулд Засгийн газраа унагавал МАН  2020 онд АН-ын алдсан алдааг давтана. Тэр тохиолдолд өөрөө унасан хүүхэд унадаггүй гэдэг үгийг санаарай. АН-ынхан 2012-2016 онд Засгийн эрхийг барихдаа фракц хоорондоо зодолтон, Засгийн газраа унагаж их л дэврүүхэн явж байсан. Дөрвөн жилийн хугацаандөөр хоорондоо хэрэлдэн, зодолтсоны хариуг 2020 онд ард түмэн яаж барилаа. Өнөөдрийн эрх баригчид өмнөхөөсөө суралц.

Засгийн газрыг унагаснаар У.Хүрэлсүх бус МАН бүхэлдээ муухай харагдана гэдгийг л санах хэрэгтэй.

Ер нь Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх гишүүд рүү дайрах дайралт аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно.  

Саяхан байнгын хорооны хуралдааны үеэр Н.НОМТОЙБАЯР өөрийнх нь халааг авсан С.ЧИНЗОРИГ сайд руу дайрсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ танилцуулсан. Түүнийг тайлангаа тавьсаны дараа Н.НОМТОЙБАЯР “Худлаа тайлан тавилаа.Үндэсний зөвлөлийг та удирдаж эхэлснээс хойш нэг ч удаа хуралдаагүй гэдэг нь ойлгомжтой байна. 9 хувийн хүүтэй байсан 670 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүг 15 болгож арилжааны банкууд дунд өрсөлдөөн бий болгосноор 39,95 буюу 40 тэрбум төгрөгийг 9 хөн гарын үсгээр олж болж байгаа юм, буцаад үүнийг бууруулаад байна шүү дээ. Нийт тэтгэвэр авагчдын 96 хувьд үйлчилдэг Төрийн банк, Хаан банктай 20 тэрбум төгрөгийг 9 хувийн хүүтэй байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг жилийн 15 хувь болгосон. Зарим банкинд 15 хувийн хүүтэй мөнгө байршуулсаар байхад тэтгэврийн зээлийн хүүгээ өрсөлдөөнд орж бууруулж эхэлсэн. Тэгсэн одоо нөгөө 20 тэрбумыг нэмэгдүүлээд байна. Би үүнийг хулгай гэж харж байгаа. Ийм хулгайг тэвчээд өөрийг чинь сайд болгоод сууж байна гэвэл тийм юм байхгүй, Чинзоригоо” гэсэн билээ.

Үүний дараа Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ч.ХҮРЭЛБААТАР руугаа дайрч Төсвийн тухай хуулийг зөрчлөө хэмээн шүүмжилсэн.

Гэтэл өчигдөр Ж.Мөнхбат мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Сангийн яамыг хувийн компани болгосон. Бүх газар хэлтсийнх нь даргыг өөрийнхөө хүнээр сольсон. Юу ч мэдэхгүй хүн нь өнөөдөр байнгын хорооны хуралд орж ирчихээд гишүүдийн асуултад ч хариулж чадахгүй тэмээ, гэхээр ямаа яриад сууж байна. Төсөвт тодотгол хийх ёстой байтал хийхгүй байна. Хууль зөрчиж байна хэмээн загнасан. Б.Чойжилсүрэн мөн түүнтэй хамжиж, дамжиж харагдсан.

 Энэ мэт дайруултуудыг ар, араас нь хийсээр. Ямартай ч хоёр сайдыг сугалж хаях асуудал араасаа Б.Цэрэнбат, С.Чинзориг, Б.Сарангэрэл, Х.Баделхан нарын сайд нарын асуудлыг хөндөж магадгүй гэх мэдээлэл байна.

Гэхдээ эдний асуудал Засгийн газрыг бүхэлд нь унагах түвшинд хүрэхгүй гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.