Цолыг нь хурааж болох ч байгуулсан гавьяаг нь булааж чадахгүй
2018 оны 4 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа. Зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

Тэгвэл бид эдгээр хүнийг өмөөрөх ёстой хэмээн үзэв. Ийн өгүүлэх учир шалтгаан маш их бий. Өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүний зарлигаар генералуудын цол хэргэмийг хурааж болох ч байгуулсан гавьяаг нь үгүйсгэж чадахгүйг хэн ч хэлэх биз ээ.

Ялангуяа Ч.Амарболд генералын цолыг хураах болсон шалтгааныг олон нийт тайлбартайгаар шаардаж байна. Энэ хүн Монгол Улсад яг ямар гавьяа байгуулсан бэ гэж асуух хүн гарч ирэх нь ойлгомжтой.

Тэрбээр Хэнтий аймаг дахь Галшар сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж ЦЕГ-ын дарга болох хүртлээ цагдаагийн бүх шатанд, бүх цолыг зүүж ажил үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн жинхэнэ цагдаа хүн.

Б.Пүрэв генералын түшиг, тулгуур нь болж Монголын цагдаагийн байгууллага шилжилтийн үеийг давж орчин үеийн цагдаагийн байгууллага болж төлөвшихөд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг.

Марз уулын осол, Авдарантаас хоригдлууд оргож хүн барьцаалсан дуулиан, тоолж баршгүй олон удаагийн томоохон түймэр, Хонин нугад осолдсон Ми-8 нисдэг тэргийг авран хайх ажиллагаа, онц ноцтой нийгмийг цочроосон хэргүүд зэрэг маш олон үйл явдалд биечлэн оролцож, бие бүрэлдэхүүнээ удирдаж ажилласан, хал үзэж халуун чулуу долоосон офицер.

Шилжилтийн хүнд үед цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өвлийг малгайгаар хангах гэж хотын цагдаагийн дарга хошууч Ч.Амарболд байсан жаахан мөнгө нь хүрэхгүй байсан тул Манжуураас куртка зөөн Читагийн зах дээр сар гаруй зарж мөнгө олж өнөөх малгайгаа авч ирэн цагдаа нараа малгайтай болгочихоод зогсохгүй нэмж олсон зөрүү мөнгөө санхүүдээ өгч байсан гэдэг. Тийм хандлагатай болохоор бизнесгүй хөрөнгөгүй цөөхөн дарга нарын нэг.

Харамсалтай нь 2008.07.01-ний өдрийн үйл явдлын хар сүүдэр олон хүнд туссаны нэг нь Ч.Амарболд генерал. Түүнийг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан гэж (үнэндээ байгаагүй гэдэг нь шүүхийн шийдвэр болоод бусад баримтаар тогтоогддог юм) цэргийн гэмт хэргээр (тэр нь ямар ч хамаагүй зүйл анги) өөр гурван нөхрийнх нь хамт яллаж, шоронд суулгасан.

Тэгвэл түүнд хэн тушаал өгсөн байх вэ. Өнөөг хүртэл тушаал өгсөн том толгойтыг ил гаргасангүй. Магадгүй Ч.Амарболд өөрөө илчилж болох байсан ч түүнд эр хүний тэсвэр хатуужил, хугарашгүй ноён нуруу бий учраас ганц үг ганхийсэнгүй. Цаг нь болоогүй ч байж мэднэ. Гэвч таван хүн буудсан алуурчид бидний дунд эрх чөлөөгөөр амьсгалж алхаа бол ял зэмийг нь эдгээр хүмүүс үүрсэн.

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай, харин хурган дарга нарт ээлтэй болжээ. Харин хүний нэрийг сэвтүүлж, хийснийг нь булааж болох ч алдар гавьяаг нь үгүйсгэж чадахгүй билээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.