Гар бариад бугуй барих замаар нэмэгдэж ирсэн үе үеийн Ерөнхийлөгчдийн эрх мэдэл
2018 оны 5 сарын 13

УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх хамгийн хүлээлттэй хууль гэвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай юм.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, энэ ондоо багтааж Эцэг хуульдаа өөрчлөлт оруулна гэдгээ илэрхийлсэн.

Гэхдээ хуулийн өөрчлөлт ихээхэн бартаа саадтай зам туулах нь тодорхой болоод байгаа. УИХ дахь сөрөг хүчнийхэн 65-ын бүлгийг Үндсэн хуулийг хэлэлцэх ёс суртахууны эрхгүй гэсэн тодорхойгүй юм яриад гэнэн хонгор царайлж байгаа. Цөөнхийн бүлгийн цаана эрэг баадууг нь чангалаад сууж байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэсэн хар сэр бас бий. Ингэж хардах шалтгаан нь энгийн бөгөөд тодорхой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд хумигдахаар байгаа.  Энд л учир шалтгаан байгаа юм. Эрх мэдэл бол эхийн сүү шиг амттай, хэн ч түүнээс татгалзахын аргагүй.

Тухайлбал, Ерөнхийлөгчид одоогийн хүчин төгөлдөр хуулиар хууль санаачлах болон хуульд хориг тавих гэхчлэн олон эрх бий. Ерөнхийлөгчийн эрхийг ингэж хязгаарлах шалтгаан нь Х.Баттулга гэдэг хүндээ огтхон ч биш. Ийм өөрчлөлт засаглалын тэнцвэрт харьцаа, төгөлдөршилтэй холбоотой гарч ирж байгаа юм.

Судалгаагаар Үндсэн хууль батлагдсанаас хойш нийтдээ 49 хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл нэмж олгосон байгаа ажээ. Ингэснээр хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд, хэн нь УИХ юм бэ гэдэгнь улам бүр ойлгомжгүй болж, үл ойлголцол нь олон түмний нүдэнд ил болсон.

Монгол Улс парламаентын засаглалтай. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь парламент гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байдаг.  Түүнчлэн Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гээд хуульчилчихсан.

Хэдий ийм боловч бодит амьдрал дээр  манай засаглалын хэлбэр саармагжиж сааралтсан. Эрх мэдэл, үүрэг хариуцлагын зааг ялгаа  ихэд бүдгэрсэн. Ийм болохоор нь гадаадын судлаачид Монголыг  Ерөнхийлөгч-парламентын хосолсон засаглалтай гэж үздэг аж.

Энэ тодорхойгүй байдлын цаана гүйцэтгэх засаглал бүр бүдгэрч, хамгийн тогтворгүй эмзэг институци болтлоо хэврэгшсэнийг өнгөрсөн 25 жилд засгийн газар нь 16 удаа солигдож, нэг Засгийн газар дунджаар 1.6 жилийн хугацаатай ажилласан гэх баримт бэлээхэн харуулна.

Үндсэн хуульд оруулах  өөрчлөлт  бол энэ байдлыг  засаж залруулж, Засгаа тогтвортой ажиллуулах, төрийн гурван институцийг өөр өөрийнх нь байх ёстой байранд нь аваачиж,  тэдний дундах үл олголцолд цэг тавих зорилготой. Өөрөөр хэлбэл төрийн төгөлдөршил юм.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тараах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаархлаа хот хөдөөд тунхаглаж эхэлсэн. Энэ харин түүний хийх ёстой ажил, хэлэх учиртай үг мөн үү гэдэгт учир жанцан бий.

Ингэж тараах бутраах тухай асуудал эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн ярьдаг сэдэв мөн үү. “Улс төрийн нам нь УИХ-ыг тараах асуудлыг ярьдаг л юм байгаа биз. Иргэд нь шүүмжилдэг л юм байгаа биз. Ерөнхийлөгч бол огт ярьж болдоггүй асуудал” хэмээн УИХ-ын нэгэн гишүүн энэ талаар санаа бодлоо илэрхийсэн  байна билээ.

Энэ бол Ерөнхийлөгчийн суурь зарчмаасаа ухарсан явдал болох байх. Ер нь манай үе үеийн  Ерөнхийлөгч нар Үндсэн хуульд заасан эрх мэдлээсээ дандаа давсан зүйл хийдэг тухай шүүмжлэл явдаг.  Товчхондоо илүү  их эрх мэдэл, илүү их боломжийг эрх хайсаар ирсэн мэт.

Гар бариад бугуй барих зарчмаар үе үеийн Ерөнхийлөгчдийн эрх мэдэл  нэмэгдэж иржээ. Судалгаагаар Үндсэн хууль батлагдсанаас хойш нийтдээ 49 хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл нэмж олгосон байгаа ажээ. Ингэснээр хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд, хэн нь УИХ юм бэ гэдэг нь улам бүр ойлгомжгүй болж, үл ойлголцол нь олон түмний нүдэнд ил болсон.

Эрх мэдэл, томилгоо, хөтөлбөр тендэр гэхчлэн сэтгэлийг нь хөдөлгөж хөөргөх юм байдаг л байх. Энэ бүхний төлөө хусмаа голсон хүүхдүүд шиг хоорондоо юмаа булаацалдаад байх юм бол Монгол хөгжихгүй гэдгийг өнгөрсөн жилүүдээс өнөөг хүрч ирсэн бодит дүр төрх бэлхэнээ гэрчилнэ.

Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэж монголчууд ярьдаг нь талаар бус.  Монголын төр тийм л байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа хүн өөрийнхөө эрх мэдлийг нэмэх тухай ярих шиг утгагүй зүйл байхгүй” хэмээн хэлсэн удаа бий шүү.

Г.Хантулга

Хариулт үлдээх

Your email address will not be published.